Sunday, December 9, 2012

ОРОСЫН ШИНЭ ТӨРЛИЙН ПУУЖИНГИЙН CLUB-K КОМПЛЕКС

2010 оны 4 сарын 19-22-нд Малайзийн Куала-Лумпурт зохиогдсон Defense Services Asia-2010 зэвсгийн үзэсгэлэн дээр ОХУ-ын Зохион бүтээгчийн «Новатор» хороо цоо шинэ төрлийн пуужингийн комплексийг танилцуулсан байна.
Нэг пуужингийн комплекс нь 12 метрийн урттай ачаа тээврийн ердийн контейнер дотор газар болон усан дээрх байг устгах өндөр нарийвчлалын тусгалтай 4 ширхэг далавчит пуужин (3М-54ТЭ, 3М-54ТЭ1, 3М-14ТЭ) байрлуулжээ. Иймээс өнгөлөн далдлалт, тээвэрлэлт, ашиглалтын хувьд тандахад маш төвөгтэй, орчин үеийн байлдааны ажиллагаа явуулах арга барилд цоо шинэ хувьсал хийж байна. Уг комплексийг оросын «Моринформсистема-Агата» концерн үйлдвэрлэх бөгөөд нэг комплексийн өртөг нь ойролцоогоор 15 сая ам.доллар болох юм. Энэ комплексийг Иран, Венесуэль, Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ сонирхож байгаагаа илэрхийлсэн байна.

Уг комплекс нь иргэний зориулалтын усан, авто, төмөр замын тээврийн хэрэгслийг ашигладаг тул цэргийн зориулалтын өндөр өртөг бүхий тээвэрлэх, хөөргөх төхөөрөмж шаарддаггүй онцлогтой. Иргэний зориулалтын ачаа тээврийг ашиглах давуу тал нь дэлхийн аль ч өнцөгт энгийн контейнерийн өнгөлөн далдлалтаар пуужинг хүргэх, байрлуулах, хөөргөх боломжтой.

Пуужингийн тусгал 220-300 км, бай хүртлээ 400 кг тэсрэх бодис тээвэрлэх боломжтой, 2 шатлалын хөдөлгүүртэй, давшилтын үеийн хурд нь дууны хурдны 0,8, төгсгөлийн шатны буюу байнд ойртож ирэх үед нэмэгдэх хурд 3,0 Мах (дууны хурднаас 3 дахин хурдан). Энэ нь 300 км зайнд 400 кг тэсрэгч бодисыг дунджаар 15 минутад туулж байнд хүргэнэ гэсэн үг. Өнгөлөн далдлалтын тусламжтайгаар дэлхийн аль ч байрлалаас харваж болох уг пуужинг илрүүлэх, устгах боломж тун бага.

Барууны цэргийн экспертүүд оросын энэ комплексийн талаар тун тааламжгүй байна. АНУ-ын олон тэрбум долларын өртөгтэй пуужингаас эсэргүүцэн хамгаалах нүсэр системийг ямар ч ач холбогдолгүй болгож байна. Учир нь эдгээр пуужингууд нь маш сайн өнгөлөн далдлагдаж чөлөөтэй шилжин байрлах, тээвэрлэгдэх учраас америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн нэгж элементийг ердөө ганц контейнерын тусламжтайгаар бүрэн устгах боломжтой болгож байна. Иймээс уг шинэ загварын пуужингийн комплекс нь орчин үеийн байлдааны ажиллагаа явуулах урлаг, стратеги-тактикийн онолыг орвонгоор нь хувьсгал хийх хэмжээний зэвсгийн техникийн шийдэл болж байна гэж үзэж болно.

Пентагоны батлан хамгаалах бодлогын зөвлөх Рубен Джонсон оросын энэхүү пуужингийн комплексын талаар хэлэхдээ: "Урьд өмнө огт байгаагүй хэмжээнд баллистикийн пуужин дэлгэрэх боломж олгож байна. Маш сайн өнгөлөн далдлалт нь түүнийг илрүүлэх боломжийг үгүй болгож байна. Ямар ч гэм зэмгүй ачааны хөлөг онгоц усан хилд ойртож ирээд минутын дараа л гэхэд ямарч цэргийн байгууламжийг устгах болно" гэж дүгнэжээ. «Jane’s Air-Lainched Weapons» сэтгүүлийн редактор, «Jane’s Defense Weekly» сэтгүүлийн шинжээч Роберт Хьюсон: "Энэ бол маш шинэлэг санаа бөгөөд дэлхийн аль ч өнцөгт огт мэдэгдэлгүйгээр байршиж болох аюулт зэвсэг" гэжээ.

No comments:

Post a Comment