Monday, December 10, 2012

“Стратеги судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 59 дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл нь 1991 оноос хойш тасралтгүй гарч байгаа бөгөөд аюулгүй байдал, олон улсын харилцаа, батлан хамгаалах болон стратеги судлалын салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлэн нийтэлдэг.

Та энэ удаагийн дугаараас:


Нийтлэлчийн булан

Л.Анар-Эрдэнэ. “Сонгуулийн ирц”

2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65,24 хувь[1] байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа. 1992 оноос хойш Парламентын зургаан удаагийн сонгуульд сонгогчдын ирц тогтмол буурч ирсэн хэдий ч энэ удаагийн сонгуулиар 10 орчим хувиар огцом буурсан нь цаашид сонгуулийн ирц анхаарал татах асуудал хэдийн болсныг харууллаа.

Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор сонгогчийн үнэмлэх (урилга) тараах, сонгуульд санал өгөх насыг нэмэгдүүлэх, сонгогчдод сонгуулийн хуулийг сайтар тайлбарлан таниулах, төрийн байгууллагын нэр хүнд болон сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх гэх мэт сонгогчид сонгуульдаа оролцож саналаа өгдөг байх бүхий л арга, зохион байгуулалтыг судлаж хэрэгжүүлэх нь цаашдын ардчилалын төлөвшилд чухал нөлөөтэй юм.

О.Машбат. “Монголын ардчиллын чиг хандлага”

Аливаа ардчилал бүрэлдэн, амжилттай тогтнохын тулд урьдач тодорхой нөхцлүүд байх ёстой гэдэг ч тэр нөхцлүүдийн нэг нь ч Монголд байгаагүй, тиймээс Монголд ардчилал тогтсныг парадокс буюу гаж үзэгдэл хэмээн гаднын судлаачид сонирхдог байлаа. Харин одоо улс төр судлаачид, гаднын хөрөнгө оруулагчид энэ ардчилал хэр урт наслах вэ, улс төр нь авлигатай, засаглал нь хүчгүй, эдийн засаг нь өрөөсгөл,олон нийт нь байнга гомдоллож, улс төрчид нь тэр гомдлыг нь барагдуулж байгаа хоосон дүр үзүүлдэг энэ байдалд хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг сонирхож байна.

Гэхдээ энэ нийтлэлдээ асуудлыг ихээхэн өөдрөг талаас нь тавьж байна. Иргэний хүчтэй нийгэм бүрэлдэж, ардчиллын суурь болж буй: цочролыг тэсэх чадвар ардчилалд сууж, 2008 оны долоодугаар сарын 1-ний гашуун үйл явдлаар шалгагдсан: гадаадын хөрөнгө оруулагчид улс төржсөн Засгийн газрыг хариуцлагатай, даацтай байхыг шаардаж, шахалт үзүүлдэг болсон зэргийг тийнхүү өөдрөг үзэх шалтгаан мөн хэмээн тайлбарлахыг оролдов.

Эрдэм шинжилгээ

Ч.Нарантуяа. “ОХУ-ын Эрчим хүчний шинэ стратеги”

Аливаа улс үндэстний аюулгүй байдлаа хангах гол хүчин зүйлд, эдийн засаг, түүний дотор эрчим хүчний аюулгүй байдал нэн тэргүүнд ордог. Олон судлаачдын үзэж буйгаар, геополитикийн гол зөрчилдөөн эрчим хүчний үүсвэрээс биш, эсрэгээр худалдах, зах зээлийн төлөөх өрсөлдөөнөөс үүсдэг юм байна. Илэрч буй шинэ орд газрууд, уламжлалт бус эх үүсвэр, орчин үеийн гайхамшигтай технологи зэргийн ачаар олон орнууд эрчим хүчний хараат бус байх боломжтой болж байна.
Ийм шинэ нөхцөлд ОХУ дэлхийн тэргүүлэгч, эрчим хүчний том орон болох гадаад бодлого явуулах, эрчим хүчний стратеги бодлогыг инновацийн хөгжил рүү шилжүүлэх шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх зорилт тавьжээ. Кремлийн эрх баригчид Оросыг “эрчим хүчний хүчирхэг гүрэн” гэж нэрлэж байгаа нь ОХУ дэлхийн хэмжээнд зарим талаар дахин нөлөөтэй болсонтой холбоотой. Эрчим хүчний нөөцийг зөвхөн нөлөө үзүүлэх хэрэгсэл болгоод зогсохгүй, улс орны цэрэг, улс төр, эдийн засаг, техник болон “зөөлөн хүч”-ний үзүүлэлтийн гол тулгуур гэж харж байна.

Ойрын ирээдүйд дэлхийн тавцанд Орос хүсэж байгаа шигээ том үүрэг гүйцэтгэж чадахгүй боловч Азид тэргүүлэх зорилгоор эдийн засгийн бодлого нь ихэвчлэн ЗХА-д чиглэх болно. Үүнээс гадна зөвхөн их гүрнүүд биш харин дундаж орнуудын оролцоотой дэлхийд шинэ горим тогтож байгаа ба тэдний оролцоо зайлшгүй хэрэгтэй юм.

Монгол Улс бүс нутгийн эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэх, транзит тээврийн сүлжээнд нэгдэх, шинэ зах зээл эзлэх системд цаг алдалгүй идэвхтэй оролцох зорилгоор эрчим хүчний “яриа хэлэлцээр”-ийг нийлүүлэгч хоёр орны хувьд ОХУ-тай, хэрэглэгч орнуудын хувьд Хятад, Япон, БНСУ-тай тогтмол хийж урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байна.

Б.Индра, Б.Ариунзул, Ц.Энх-Уянга “Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын өгөөж” 

Энэхүү өгүүлэлд Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын өгөөжийг судлахыг зорилоо. Ингэхдээ Хятадын голлох уул уурхайн компаниудын Монгол Улсад төлсөн татварын хэмжээ, орон нутагт оруулсан хувь нэмэр, байгаль орчны нөхөн сэргээлтийн байдлыг үнэлсэн болно.

Судалгаанаас харвал, Хятадын хөрөнгө оруулалт 2011 оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын 35 орчим хувийг эзэлж байгаа ч Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын төлсөн татвар нийт татварын тав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Монголын уул уурхайн салбар дахь Хятадын том компаниуд цайр, нүүрс, холимог металл, газрын тос гэх мэт өөр өөр чиглэлд өөр хоорондоо давхцахааргүйгээр орж ирсэн явдал ажиглагдлаа.

Хятадын хөрөнгө оруулалттай том компаниуд нь улсад татвар сайн төлж, нийгмийн хариуцлага харьцангуй сайн, орон нутгийн дэд бүтэц нийгмийн үйлчилгээнд анхаарал хандуулдаг байхад жижиг аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, татвар төлөлт муу байгаа тул хөрөнгө оруулагчдад өндөр босго тогтоож өгөх, тодорхой шалгуур тавих нь хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд тустай байх юм.
Мөн Шинь Шинь, Петрочайна дачин тамсагийн жишээнээс харахад том жижиг гэлтгүй компаниуд ерөнхийдөө байгаль орчны нөхөн сэргээлт муу хийж байгаа нь манай улсын компаниудад тавьж буй хяналт шаардлага муу, байгаль орчны мэргэжилтний хариуцлагагүй байдалтай шууд холбоотой ажээ.

Ч.Оюунжаргал. “Зүүн Хойд Азийн Нүүрсний нийгэмлэг байгуулах тухай”

Сүүлийн жилүүдэд ЗХА-ийн бүс нутагт нүүрсний хэрэглээ эрс нэмэгдэж байна. 2008 онд хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд нүүрс импортлогч орнуудыг Япон улс тэргүүлж, Өмнөд Солонгос хоёрт, Хятад улс зургаадугаарт бичигджээ.[2] Бүс нутаг дахь эрэлт ихэссэнээс гадна, манай улсын газрын хэвлий дэх ашигт малтмалын олборлолт эхэлж, дотоодын хөгжилд уул уурхайн салбарын нөлөө жил ирэх тусам ихэсч байгаа билээ. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан, хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ”[3] гэж тусгаж өгсөн байдаг.

Гэтэл тээвэр, үнэ, хоёр хөршийн нөлөө зэрэг өнөөг хүртэл гадаад худалдаанд тулгамддаг асуудлуудаа шийдвэрлэх гарц олоогүй хэвээрээ л байгаа юм. Жишээлбэл, манай улсын 2011 оны нийт экспортын 89 хувийг зөвхөн ашигт малтмалын салбар эзэлсэн, ашигт малтмалынхаа 92 хувийг дан ганц Хятад улсад гаргаж, нэг улсаас хэт хараат болж байна. Үүнээс гадна Монгол Хятадын төмөр зам өөр өөр царигтай тул, Тяньжин боомт руу ачаа тээвэрлэхдээ Замын-Үүдийн хил дээр ачааг шилжүүлэн ачих шаардлагатай болдог зэрэг олон бэрхшээл шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Мөн гуравдагч хөрш Япон, Өмнөд Солонгос зэрэг орны оролцоог нэмэгдүүлэх асуудал ч ихээр яригдах болсон. Энэ олон асуудлыг уялдаа холбоотой шийдвэрлэх, зохистой шийдлийг ЗХА-ийн нүүрсний нийгэмлэг байгуулах явдал гэж үзэж байна.

ЗХА-ийн нүүрсний нийгэмлэгийг байгуулбал дотоодын олон асуудал, жишээлбэл нүүрсний үнийг тогтворжуулах, тээврийн асуудлыг олон улсын дэмжлэгтэй шийдвэрлэх, гуравдагч орны оролцоог эрчимтэй дэмжих, цаашлаад Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид идэвхитэй оролцох боломж нээгдэнэ.

Удо Б.Баркманн “Монгол Улс ба түүний “гуравдагч хөрш”-ийн бодлогын чиг хандлага”

Хурал, семинар

”Монгол-Энэтхэгийн хоёр талын аюулгүй байдлын яриа хэлэлцээ” хурлын илтгэл

“Стэнфордын их сургуулийн профессоруудын лекц” зэрэг материалыг унших боломжтой боллоо. Та энэ дугаараас өөрийн сонирхсон материалаа сонгож уншихыг хүсвэл issmon@issmon.mn хаягаар хандана уу.

[1]Сонгуулийн Ерєнхий Хорооны веб сайт.” УИХ-ын Сонгууль-2012” http://www.gec.gov.mn/parliamentary_election/39/41 
[2]“Дэлхийн нүүрсний зах зээлийн хандлага ба Монголын боломж” http://www.mining.mn/NewsDetails_2329.aspx 
[3] “Үндэсний хөгжлийн цогц бодлого” http://www.mecs.gov.mn/article-120-306.mw

No comments:

Post a Comment