Монгол Улсад орчин үеийн аюулгүй байдал судлалын салбар үүсч хөгжих тулгын чулууг анх тавьсан Стратегийн судалгааны хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнг үүсгэн байгуулах, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд сэтгэл харамгүй хүчин зүтгэсэн үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хүйтэн дайны дараа улс төр, геополитикийн шинэ нөхцөлд ардчилсан Монгол Улсын аюулгүй байдал, хөгжлийн бодлогыг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлэн тодорхойлох шаардлага тулгарч, улмаар энэ асуудлыг судалж, дүгнэлт гаргах төрийн чадавхийг бүрдүүлэх зорилгоор одоогоос 20 жилийн тэртээд Стратегийн судалгааны хүрээлэнг Батлан хамгаалах яамны бүтцэд үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлыг зөвхөн цэрэг, батлан хамгаалахын хүрээнд тодорхойлдог байсан уламжлалт хандлагаас татгалзаж, улс төр дипломатын, эдийн засгийн зэрэг өргөн хүрээтэй арга хэрэгсэлд тулгуурласан аюулгүй байдлын цогц үзэл баримтлал, бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тус хүрээлэн бодитой үүрэг гүйцэтгэжээ.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн идэвхтэй оролцоотойгоор бүтсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалахын цагаан ном зэрэг бодлогын чухал баримт бичгүүд нь Монгол Улсад аюулгүй байдлын бодлого, ойлголтыг төлөвшүүлэх чухал үндэс болж ирснийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын аюулгүй байдлын болон гадаад бодлогыг олон улсын хэмжээнд таниулах, гадаад орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм бий болгоход тус хүрээлэнгийн гүйцэтгэсэн үүргийг өндөөр үнэлж байна. Стратегийн судалгааны хүрээлэн Монгол Улсад аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмрээ оруулж ирснийг мөн онцлон тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын аюулгүй байдлын дотоод, гадаад орчин хурдтай хувиран өөрчлөгдөж байгаа өнөө үед мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний байгууллагуудын үүрэг улам өсч байна. Ийм нөхцөлд судалгаа шинжилгээний чадавхаа улам бэхжүүлж, төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчдыг цаг үедээ нийцсэн, практик ач холбогдол өндөртэй судалгаа, дүгнэлт, зөвлөмжөөр тасралтгүй хангаж байх нь Стратегийн судалгааны хүрээлэнгийн өмнө цаашид ч тавигдах өндөр хариуцлагатай үүрэг мөн.
Монгол Улсын их хурлаас 2010 онд шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг төр-иргэний хамтын ажиллагаар хангах чухал үзэл санаа тусгагдсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудлуудаар нийгэмд мэдлэг, ойлголт төлөвшүүлэх, эрдэмтэн судлаачид, төрийн ахмад зүтгэлтнүүд, иргэдийн оролцоотойгоор аюулгүй байдал судлалыг улам хөгжүүлэхэд Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилсаг хамт олон цаашид хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад судалгааны байгууллагуудын оролцоо, гадаад хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд энэ чиглэлд олсон амжилтаа бататгаж, идэвхтэй ажиллахыг хүсье.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, нийт хамт олонд ажлын их амжилт, эрүүл энх, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эрдмийн суу билиг арвижиж, Монгол эх орны маань өлмий батжих болтугай.
No comments:
Post a Comment