Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 57 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт:
НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН
1.Н.Соёлгэрэл : ШХАБ дахь Монгол Улсын ажиглагчийн статус: боломж
2. Б.Ганзориг, Д.Начин: Гадаадын хөрөнгө оруулалтын байдал ба хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлэх арга замууд
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
3. Ч.Нарантуяа : Бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь ОХУ-ын бодлого, бодит алхмууд
4. Ц.Энх-Уянга : БНХАУ-ын үндэсний цөөнхийн бодлого
5. Б.Ариунзул : БНХАУ-ын ДНБ-ийн өсөлт саарч буй шалтгаан, нийгэмд үзүүлэх нөлөө
6. Л.Бямбаханд: АНУ-Хятадын санхүү, эдийн засгийн харилцааны 2012 оны хандлага, цаашдын төлөв
7. Г.Базарваань: Монгол Улсын ЕАБХАБ-д элсэн орох боломж, хоёр хөршийн байр суурь
ЛАВЛАХ
8. Т.Янжинцэвэл: Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграц Япон-Хятад-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээр
9. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын талаарх уулзалт, ярилцлагуудыг гаргалаа.
Дээрх өгүүллийн хураангуйг та бүхэнд толилуулж байна.
БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦ ДАХЬ ОХУ-ЫН БОДЛОГО, БОДИТ АЛХМУУД
Ч.Нарантуяа
Хураангуй
ОХУ хөрш орнууд, тухайлан пост – зөвлөлтийн орнуудад нөлөөгөө сэргээж, тэднийг цэрэг, улс төр, эдийн засгийн хүрээндээ багтаан, улмаар Европ, Азийг дамнасан томоохон интеграцыг бий болгох оролдлого хийж байна. Ингэхдээ улс төр, эдийн засгийн хөшүүрэг ашиглаж байна. Тухайлбал, Украиныг Гаалийн холбоо, Евразийн эдийн засгийн нэгдсэн орон зайд элсэхийг шахаж, Орост гаргадаг бүтээгдэхүүнд саад учруулж байгаагаас үүдэн зарим улс болгоомжлох байдалтай боллоо. Монгол Улсад уг холбоонд элсэхийг санал болгохын зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлт, түүнчлэн, экспортын бараа бүтээгдэхүүнд тарифын болон тарифын бус саад бэрхшээл учруулсаар байгааг анзаарч болно. ОХУ-ын түргэн байгуулах гээд байгаа Евразийн холбоо ойрын үед хурдан өргөжихгүй байж магадгүй. Гаалийн холбоо, ЕврАзЭС-н гишүүн орнууд олон асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байгаа, ялангуяа зарим орон эдийн засгийн интеграц, улс төрийн интеграцад шилжихэд бэлэн биш байгаа явдал хамгийн гол зөрчилтэй асуудал юм.
Иймээс Евразийн шинэ интеграцын өрнөлийг ажиглаж, нухацтай судалж, Монгол Улс бүс нутгийн энэ интеграцтай хэрхэн хамтарч ажиллах, нэгдэх эсэхээ урьдаас ул суурьтай тооцоолох, бүс нутгийн эрчим хүчний түүхий эдийн зах зээлд Монгол Улсын эзэлж болох орон зайг урьдаас тодорхойлох нь чухал байна.
БНХАУ-ЫН ДНБ-ИЙН ӨСӨЛТ СААРЧ БУЙ ШАЛТГААН, НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Б.Ариунзул
Хураангуй
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 орчим жил дунджаар 9.9 хувь байснаа 2011 оноос эхлэн улирал дараалан буурлаа. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд II байранд орсон, олон улсад жин нөлөө ихтэй БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа явдал судлаач, шинжээчдийн анхаарлын төвд орсон бөгөөд тус улсын эдийн засаг цаашид хэрхэх талаар ялгаатай байр суурьтай байна.
Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь хэд хэдэн хүчин зүйлсээс болжээ. Үүнд, нэгдүгээрт, БНХАУ-ын бүтээгдэхүүний экспорт багассан, хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын салбарт чухал байр эзэлдэг үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан, гуравдугаарт, ДНБ-ий өсөлтөд эзлэх хувийн хэрэглээний жин өндөр биш байгаа зэрэг хүчин зүйлтэй холбоотой.
Эдийн засгийн өсөлт удааширсан, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаатай холбоотой сөрөг үр дагавар тус улсын дотоодод ажиглагдаж байна. Тухайлбал, чанаргүй зээлийн хэмжээ, оршин суугчгүй хоосон барилгууд, чинээлэг иргэдийн хилийн чанад дахь цагаачлал зэрэг сорилтууд тус улсын дотоодод тулгарав. Гэсэн ч тус улсын дунд хугацааны төлөв байдлыг зарим шинжээч илүү өөдрөгөөр төсөөлж байна. Хятадын эдийн засаг “тооноос чанарт шилжихэд” чиглэж, экспортын бүтээгдэхүүн, гадаад хөрөнгө оруулалтаа чанаржуулж байгаа ажээ.
Ийнхүү эдийн засгийн “Хятад загвар”-ын сул тал илэрсэн бөгөөд 2012 онд Хятадын удирдагчдын хувьд эдийн засгаа тогтворжуулах, нийгмийн асуудлаа оновчтой шийдвэрлэх хүндхэн сорилт тулгарлаа.
АНУ-ХЯТАДЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ 2012 ОНЫ ХАНДЛАГА, ЦААШДЫН ТӨЛӨВ
Л.Бямбаханд
Хураангуй
ХХ зууны түүхээс үүдсэн туршлага сургамжийг эш үндэс болгон Монгол Улс хоёр их хөршийнхөө шууд нөлөөг гуравдагч улстай идэвхтэй харилцаж хамтран ажиллах замаар тэнцвэржүүлэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “гуравдагч хөрш"-ийн бодлогыг дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “уг бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан билээ.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад хоёр хөрш хийгээд “гуравдагч хөрш” улсууд “тулгын гурван чулуу”-ны нэгэн адил аль нэг тал руу хазайлгүй тэнцвэртэй байх нь чухал билээ. Тиймээс Монгол Улсын аюулгүй байдлын “тулгын гурван чулуу”-ны хоёрыг нь бүрдүүлэгч АНУ-Хятадын хоорондын харилцааг сайтар ажиглан судлах шаардлага урган гарч байна.
Сүүлийн жилүүдэд АНУ-Хятадын худалдаа иэхээхэн өсч байна. Гэвч энэ нь нөгөө талаар худалдааны алдагдал хэмээх “ужгирсан”, “өргөн хүрээг хамарсан” асуудлыг үүсгэж байна. Үүний зэрэгцээ БНХАУ, АНУ-ын үнэт цаасыг ихээр худалдан авч байгаа явдлыг сэтгэл түгшин хүлээн авдаг. Учир нь Хятад эзэмшиж буй үнэт цаасаа ашиглан эдийн засгийн болоод эдийн засгийн бус асуудалд АНУ-д нөлөөлөх оролдлого хийж байна. Алсдаа энэ байдал АНУ-ын Монгол Улсын талаар баримтлах бодлогод сөргөөр илэрч болохыг үгүйсгэхийн аргагүй.
Бүхэлд нь дүгнэж үзвэл АНУ-Хятадын санхүү, эдийн засгийн харилцаанд илэрч буй зарим нэг хандлага Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй “тулгын гурван чулуу”-ны нэг нь бусдаасаа томорч, товойж магадгүй байдал бий болж байна.
No comments:
Post a Comment