Солонгосын хойг: “Сөүлийн цэргийн албаны мэдээлэл: Хойд Солонгос гурав дахь өдрөө их буугаар буудсан байна.”
AFP, 29 January 2010
1 дүгээр сарын 29-нд, албан ёсны нэрээр Хойд хязгаарын зурвас буюу хоёр Солонгосын маргаантай далайн хилийн бүс нутагт Хойд Солонгосын зүгээс гурав дахь өдрөө их буугаар буудсан байна. Хойд Солонгосын ардын арми өглөөгүүр Өмнөд Солонгосын Ёнпёнг арлын зүгт 20 удаа пуужингаар буудсан юм.
Сөүлийн мэдэгдэж байгаар 1 дүгээр сарын 27-нд Хойд Солонгосын зүгээс 300 удаа, мөн маргааш нь буюу 28-нд 50 удаа тус тус пуужингаар буудсан байна. Хойд Солонгос тогтсон дэг журмын дагуу пуужингийн сургууль хийж байна хэмээн мэдээлсэн боловч Өмнөдийн зүгээс уг үйлдлийг өдөөн хатгасан үйл явдал гэж буруушааж байгаа юм. Уг явдлын дараа Өмнөд Солонгос Хойд хязгаарын зурваст орших өөрийн 2 аралд нэмэлт пуужин болон дэвшилтэт радарын тоног төхөөрөмж суурилуулах талаар ярилцаж байна. Гэхдээ уг үйл явдлыг үл харгалзан Өмнөд Солонгос хоёр Солонгосын хооронд төлөвлөж буй бизнесийн хамтын ажиллагааны хэлэлцээрт оролцох хэвээр байгаа юм.
Хойд Солонгос: “Хойд Солонгосын зэвсгийн нууцлаг байдал үргэлжилсээр”
Seattle Post-Intelligencer, 01 February 2010
Өнгөрсөн арван хоёр дугаар сард Бангкокын онгоцны буудал дээр Хойд Солонгосын зэвсэг ачиж явсан онгоц саатуулагдсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалтыг Таиланд ын яллагчид гүйцэтгэж дууссан байна. Таиландын Засгийн газрын мэргэжилтнүүдийн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд бэлтгэсэн тайлангаас зарим мэдээлэл сурвалжлагч нарын гарт орсон бөгөөд зэвсэг эцсийн дүнд Тегераны Мехрабад онгоцны буудлыг зорьж байсныг илрүүлсэн байна. Уг мэдээлэл нь ямар бүлэглэл зэвсгийг хүлээж авах ёстой байсан гэх зэрэг олон асуултуудыг шинээр гаргаж байгаа юм. Арван хоёр дугаар сарын 12-нд ачигдсан уг ачаанд 35 тонн зэвсэг байсан бөгөөд гол төлөв гар бөмбөг зэрэг “хөнгөн байлдааны зэвсгүүд” байсан байна. Гэхдээ шинжээчдийн мэдэгдэж байгаар эдгээр Хойд Солонгост үйлдвэрлэсэн зэвсэг нь одоогийн Иранд хэрэглэгдэж буй зэвсгээс чанарын хувьд дор байгаа юм. Тиймээс Тегеран уг зэвсгийг Хувьсгалын армийнхаа шугмаар Ойрх Дорнодод дэмжлэг үзүүлдэг олон бүлэглэлийн нэгэнд зориулан худалдаж авсан байж магадгүй гэх таамаглал байна. Онгоцны баг болох Казахстаны 4, Беларусийн 1 иргэн хэлэхдээ ИЛ-76 онгоцны эцсийн зорьсон газар Тегеран биш Киев хот байсан хэмээн мэдэгдэж байгаа юм.
Хятад: “Хятад Төвдийн хараат бус байдлын шаардлагыг хүлээж авсангүй”
New York Times, 01 February 2010
Хятадын албаны төлөөлөгчид болон цөллөгөнд байгаа Далай Ламын төлөөлөгчдийн хооронд явагдсан хоёр талын хэлэлцээрт Бээжин Төвдийн илүү их хараат бус байдлын шаардлагыг дахин хүлээж авсангүй. Сүүлийн 15 сард хийгдэж буй анхны хэлэлцээрт Хятадын үндэстний цөөнхийн асуудлыг албан ёсоор хариуцдаг Хятадын коммунист намын Нэгдсэн фронтын ажилчдын албаны төлөөлөгчид Далай Ламын төлөөлөгчдийн тавьсан Төвдийн илүү их хараат бус байдал болон Төвд иргэд олонх бүхий Хятадын баруун нутагт засаг захиргааны бүс байгуулах саналтай байр суурийг хүлээж аваагүй байна. Далай Лам бүрэн тусгаар тогтнол шаарддаггүй боловч тэрээр шашин шүтлэгийн эрх чөлөө, цагаачлал, боловсрол зэрэг асуудлаар Төвд иргэдийн олонх бүхий газар нутагт тэдэнд илүү их эрх мэдэл олгохыг хүсдэг юм. Төвд иргэдийн олонх газар нутаг нь Бээжингийн хувааснаар Төвдийн өөртөө засах орон, Цинхай, Сычуань, Ганьсу болон Юньнань зэрэг мужийн зарим хэсэг ордог юм. Энэхүү хэлэлцээр нь 2002 оноос хойш явагдсан 9 дахь хэлэлцээр бөгөөд урьдын хэлэлцээрүүдийн адил бодит үр дүнд хүрч чадаагүй юм.
Тайван: “Тайпэй Бээжингийн заналхийллийг үл тоомсорлон 6 тэрбум ам. доллартай тэнцэхүйц зэвсэг худалдан авлаа” мөн “Тайванд зэвсэг худалдсаны төлөө Хятад АНУ-тай цэргийн харилцаагаа зогсоолоо.”
Defense News, 30 January 2010 & Times of India, 30 January 2010
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушээс хойш анхны зэвсгийн худалдаа 6 тэрбум ам. доллараар Тайвантай хийгдсэн талаар Конгрессын мэдэгдэл гарсан байна. Бушийн амласан шумбагч усан онгоц хэлэлцээрт ороогүй ч, 60 ширхэг UH-60M Хар Харцага (Black Hawk) нисдэг тэрэг, 114 ширхэг Эх Оронч (Patriot/PAC-3) хамгаалалтын пуужин, 3 ширхэг AN/MPQ-65 радарын тоног төхөөрөмж, 60 ширхэг олон функцийн мэдээлэл түгээх систем (MIDS), 2 ширхэг шинэчлэгдсэн Osprey зэрэглэлийн мин хайгч усан хөлөг онгоц, болон 12 ширхэг Harpoon сургалтын пуужин зэрэг зэвсэг, тоног төхөөрөмж багтсан байна. Хэлэлцээрт мөн харилцаа холбоо болон мэдээлэл холбох систем багтсан байна. Бээжин уг хэлэлцээрийг эрс буруушаасан бөгөөд Хятад АНУ хоорондын цэргийн харилцаа ноцтойгоор хохирох болно хэмээн мэдэгдсэн юм (Цэргийн харилцаа хэдийн түр зогсонги байдалд орсон байв). Шинжээчдийн үзэж байгаар уг хэлэлцээр нь хоёр талын худалдаа, бусад зэвсгийн наймаа болон аюулгүй байдал зэрэгт муу нөлөө үзүүлж магадгүй юм. Вашингтон Тайпэйн хооронд явагдсан 2008 оны аравдугаар сарын 6.4 тэрбум ам. долларын зэвсэг худалдах хэлэлцээрийн дараа Америк Хятадын хооронд далайн хэд хэдэн мөргөлдөөн гарсан бөгөөд эдгээр нь хоёр их гүрний харилцааг хурцадмал байдалд оруулж байсан билээ.
Хятад: “Бээжин байгаль орчны бохирдлын татвар тогтоох талаар ярилцаж байна” мөн “Хятадын судалгаа их хэмжээний байгаль орчны бохирдол байгааг илрүүлсэн байна”
Financial Times, 09 February 2010 & Wall Street Journal, 10 February 2010
Хятад улс байгаль орчны анхны үндэсний судалгааныхаа хүрээнд өмнө тооцоолж байснаасаа хавьгүй илүү байгаль орчны бохирдолтой болохыг тогтоосон байна. Мөн уг судалгаагаар Хятадын аж үйлдвэр маш их хэмжээгээр хог хаягдал ялгаруулдаг тогтоосон байна. Үүнээс фермерийн аж ахуй хортон шавьж устгах бодис болон бордоо их хэмжээгээр хэрэглэдэг учир хамгийн их байгаль орчин бохирдуулдаг талаар онцолсон байна. Олон нийтийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн хүрээлэн уг судалгааг олон нийтийн мэдээ баримтад тулгуурлан хийсэн юм. Уг судалгаагаар 2007 онд 30.3 сая метр тонн бохирдол байгаль орчинд гадагшилсан хэмээн тогтоосон бөгөөд энэ тоо Бээжингийн 2006 оноос 3 хувь буурсан хэмээн мэдээлж байсан 13.8 сая метр тонноос хоёр дахин их байгаа юм. Мөн уул уурхай болон төмөрлөгийн үйлдвэр гэх мэтчилэн аж үйлдвэрийн хог хаягдал 2007 онд 49.1 сая тонн байсныг илрүүлж, мэдээлж байсан тооноос 3 дахин их байсныг тогтоосон байна. Хятадын эрх баригчид үнэн бодит тоо баримтыг дэлгэж байгаа шударга явдал нь гайхалтай боловч өмнөх тоо баримт нь тийм хол зөрүүтэй мэдээлэгдэж байсан явдал нь гайхаад байх зүйл биш юм. Учир нь орон нутгийн дарга нар албан тушаал ахих үүднээс байгаль орчны тогтвортой байдлыг үл тоомсорлон эдийн засгийн ахиц гаргахаар зүтгэдэг байна. Мөн засгийн газрын хараа хяналтын байгууллагуудад хангалтгүй мөнгө төсөвлөдөг бөгөөд хүн хүч хүрэлцдэггүй юм /2006 онд байгаль орчны бүртгэлд дөнгөж 100 сая ам. доллар төсөвлөсөн байна/. Нөхцөл байдал хүндэрсний баталгаа болж байгаль орчны бохирдлын татвар тогтоох талаар ярилцаж байгаа бөгөөд байгаль орчны бохирдолтой хамаатай жагсаал, үймээн самуун өссөөр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 300 гаруй хүн Гуандун мужийн өмнөд хэсэгт барихаар төлөвлөж буй усны цөөрмийг эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Тэд уг цөөрмийг газар тариалан болон хүн амын ундны усыг хязгаарлана хэмээн үзэж байгаа юм.
Хятад: “Албан хаагч 12,000 тагнуул байгаа талаар бардамнаж ярив”
Sydney Morning Herald, 12 February 2010
Өвөр Монголын олон нийтийн аюулгүй байдлын товчооны дарга цагдаагийн ажилтнууд Кайлу дүүргийн 400,000 оршин суугчдаас 12,000 мэдээлэгч элсүүлсэн хэмээн мэдэгдэв. Эдгээр мэдээлэгч нар нь төлөвлөгдөж буй эсэргүүцлийн жагсаал, цуглаан болон ерөнхий гэмт хэргийн үйл ажиллагааны талаар мэдээлдэг бөгөөд дээрх үйл явдлыг газар авахаас өмнө цагдаа нарт таслан зогсоох боломж олгодог байна. Хятадын уг сүлжээ өргөн дэлгэр боловч 33 оршин суугч тутамд 1 мэдээлэгч байгаа гэдэг нь хараат бус гадны байгууллагаар батлагдаагүй байгаа юм. Энэ нь тэрс үзэлтнүүдийг айлган сүрдүүлэх явуулга байж ч болох талтай.
Хятад: “Хятадын тэрс үзэлтний давж заалдах хүсэлтийг хүлээж авсангүй”
Al-Jazeera, 11 February 2010
Хятадын цуутай тэрс үзэлтэн, зохиолч, их сургуулийн профессор асан Лю Сяобо 11 жилийн ялаа давж заалдах хүсэлтийг шүүх буцаалаа. Лю 2008 оны арван хоёрдугаар сард Хятадад улс төрийн шинэчлэл хийх болон коммунист намын ноёрхлыг зогсоох зэргийг уриалсан бичиг баримтыг хамтран бичилцсэн хэргээр баривчлагдсан юм. Тэрээр 2009 оны арван хоёрдугаар сарын 25-нд төрийн эрх мэдлийг түлхэн унагаахыг завдсан хэргээр яллагдсан юм. Шинжээчид уг ялын нэг зорилго нь гадны улс орнуудад чиглэсэн дотоодын үйл хэрэгт нь битгий оролц гэсэн дохио гэж үзэж байна. Гэвч уг шийдвэр нь дотоодын болон олон улсын шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Өнгөрсөн нэг сард коммунист намын тэтгэвэр тээ гарсан 4 гишүүн засгийн газартаа уг шийдвэрээ эргэн харахын хүссэн захидал илгээсэн байна. Тэд энэ шийдвэрийг Хятадын хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзсэн юм. АНУ уг шийдвэрийг буруушаасан бөгөөд тус шийдвэр нь дэлхий нийтийн хүний эрхийн стандартыг зөрчсөн хэмээн үзсэн байна.
Хятад / Австрали: “Хятад Рио Тинтогийн албан хаагч нарт ял тулгав”
Wall Street Journal, 10 February 2010
2009 оны 7 дугаар сараас хойш баривчилгаанд байгаа Англи-Австралийн хамтарсан Рио Тинто фирмийн 4 ажилтанд Хятадын төмөрлөгийн компаниудаас “асар их хэмжээний” авилга авсан болон “буруу” аргаар Хятадын худалдаа арилжааны нууц мэдээлэл олж авсан зэрэг хэргээр ял тулгасан байна. Иймээс эдгээр 4 ажилтан шийтгэл хүлээх нь гарцаагүй болоод байгаа юм. Учир нь Хятадад гэмт хэрэгтний ялыг хэрэгсэхгүй болгох үзэгдэл маш ховор байдаг бөгөөд ялангуяа олон нийтийн дунд шуугиан тарьсан хэргүүдэд энэ бүүр ч хамаатай. Өнгөрсөн зун болсон дээрх үйл явдал бизнесийн хүрээлэнгийн хүмүүсийг цочирдуулсан бөгөөд Хятад Австралийн харилцааг хурцадмал байдалд оруулсан юм. Эдгээр болон Британийн сэтгэцийн өвчтэй хэмээх иргэн Акмал Шаихыг Лондонгийн эсэргүүцлийг үл харгалзан хар тамхины хэргээр цаазалсан хэрэг, сүүлийн үед өрнөөд буй Гүүгл /Google/ компанитай хийж буй тэмцэл зэрэг нь Хятад улс шинэхэн олсон зориг, хүч чадлаа харуулж байна гэж үзэх шинжээчид байна.
Тайван: “Тайваний Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалаасаа огцорлоо”
Taiwan News, 12 February 2010
Тайваний Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч Ма Инзюгийн аюулгүй байдлын зөвлөх Су Чи 2 дугаар сарын 4-нд албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн Танхимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ар гэр болон эрүүл мэндийн шалтгаанаас огцорч буй хэмээн мэдэгдсэн боловч ажиглагч нар түүний огцрох болсон шалтгааныг өнгөрсөн оны 10 сард Тайпэй-Вашингтон хооронд байгуулсан гэрээнд Парламент хориг тавина гэдгээ мэдэгдсэнтэй холбон ярьж байна. Уг гэрээний дагуу Америкийн мах, махан бүтээгдэхүүнд импортын хөнгөлөлт үзүүлэх байсан бөгөөд гэрээг үзэглэхэд Су Чи голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Ма 2008 оны таван сард ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Су түүний гадаад харилцаа болон Хятадын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв. Одоо түүнийг ахмад дипломат Ху Вэйзень 2 дугаар сарын 23-нд орлохоор болсон байна.
Солонгосын Хойг / Япон: “Өмнөд Солонгос болон Япон Хойд Солонгосын талаар тагнуулын мэдээлэл солилцохоор тохиролцов”
Yonhap News, 11 February 2010
Өнөөдөр Японы Гадаад хэргийн сайд Окада Өмнөд Солонгосын хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг хариуцсан яамны сайд Ин-Таектай Сөүлд уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр тал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хариуд тагнуулын мэдээлэл солилцож байхаар тохиролцсон байна. Окада мөн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Миунг-хвантай уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд Зургаан талт хэлэлцээрийг сэргээх талаар ярилцсан байна. Харин Хойд Солонгосын эрх баригчид Хятадын төлөөлөгч нартай уулзахдаа Зургаан талт хэлэлцээрт эргэн орох бодолгүй байгаа бөгөөд АНУ-тай хоёр талын хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Сөүл болон Токио Хойд Солонгосыг ноцтой аюул хэмээн үздэг бөгөөд энэ нэгдсэн үзэл бодол нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бусад /Японы Дэлхийн II дайны гэмт хэрэг зэрэг/ маргаантай асуудлыг ардаа орхиход нэмэр болох талтай.
Өмнөд Солонгос
Узбекистан: “Өмнөд Солонгос болон Узбекистан стратегийн түншлэлээ бататгалаа”
Xinhua, 11 February 2010
Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов энэ долоо хоногт Сөүлд айлчилсан бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Миунг-бактай хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Үүний дотор хоёр ерөнхийлөгч Узбекистаны Сургил хотын ойролцоо химийн үйлдвэр барих болон байгалийн хий олборлох асуудлаар 4 тэрбум ам. долларын өртөг бүхий хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг төслийг Өмнөд Солонгосын КОГАС (KOGAS) болон Узбекистаны Узбекнефтьгаз хамтран хэрэгжүүлэх юм байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр Төв Азиас Өмнөд Солонгосын импортлох эрчим хүчний хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх юм. Дээрх хоёр компаний хамтын ажиллагаа бат бэх тогтсон бөгөөд өдгөө Наманган, Част, Баруун Фергана, болон Чинабад зэрэг хэд хэдэн газрын тосны төсөл хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төв Азийн газрын тосны болон байгалийн хийн их хэмжээний нөөцийг ашиглахаар ОХУ, БНХАУ, болон АНУ энэ бүс нутагт ороод байгаа бөгөөд Өмнөд Солонгос уг өрсөлдөөнд үлдэхэд дээрх гэрээ чухал үүрэг гүйцэтгэх юм.
Япон / Өмнөд Солонгос / Хятад: “Япон Солонгосыг колоничилж байсныхаа төлөө хүлцэл өчив” мөн “Япон-Хятад Нанжингийн талаар хамтарсан мэдэгдэл хийв”
CNN, 11 February 2010 & Foreign Policy, 09 February 2010
Япон, Өмнөд Солонгос болон Хятадын хооронд дайны үеийн гашуун дурсамжийг эвлэрүүлэх хоёр үйл явдал болсон байна. Японы Гадаад хэргийн сайд Катцуя Окада Япон Өмнөд Солонгосыг 1910-1945 оны хооронд түрэмгийлэн эзэлж байсны төлөө хүлцэл өчив. Энэ хугацаанд Японы эзэн хааны арми 200,000 гаруй эмэгтэйчүүдийг сексийн боол болгон ашиглаж байсан гэж олон эрдэмтэн түүхчид үздэг. Окадагийн хэлснээр “Энэ үе бол Солонгосын ард түмний хувьд улс орноо гадны түрэмгийлэгчдэд алдсан эмгэнэлт үйл явдал байсан” гэв. Мөн Япон болон Хятадын засгийн газар Нанжингийн асуудлыг дахин хөндсөн бөгөөд энэ сэдвээр хамтарсан мэдэгдэл хийв. Японы арми Нанжин хотыг эзлэх үед Япон цэргүүд асар их ард иргэдийг алан хядсан бөгөөд мөн олон охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Хэдийгээр хоёр тал нас барсан иргэдийн тоон дээр санал зөрүүтэй хэвээр байгаач Япон Хятад уруу түрэмгийлэн халдан довтолсон болон дайны үед хэрцгий хэрэг үйлдсэн зэрэг асуудал дээр хоёр талын түүхчид анх удаа санал нийлсэн нь энэ мэдэгдлийн ач холбогдол юм. Япон дайны үеийн түүхээ ичгүүртэй хэмээн үздэг тул Хятад, Солонгос, Тайван болон Зүүн Өмнөд Азид учруулсан хор хөнөөлийн төлөө уучлал гуйх хүсэлгүй байдаг. Тиймээс Токиогийн эвлэрэхээс зугтан түүхээсээ нүүр буруулах явдал нь Япон болон эдгээр улс орнуудын хооронд санал зөрөлдөөн, өшөө хорсол, үл итгэх байдал төрүүлдэг юм.
Хятад Хойд Солонгос: “Хятад Хойд Солонгост 10 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна”
Monsters & Critics, 15 February 2010 & Korea Times, 15 February 2010
Өнгөрсөн долоо хоногт явагдсан Хятад, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Бээжингийн эрх баригчид Хойд Солонгост 10 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр болов. Хөрөнгө оруулалтыг Хятадын төрийн өмчийн хэд хэдэн банкнаас гаргах бөгөөд Хойд Солонгосын Таепунг олон улсын хөрөнгө оруулалтын группээр дамжуулж олгох юм байна. Уг хөрөнгө оруулалтыг Хойд Солонгост төмөр зам, боомт, орон сууц болон бусад дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулах юм. Таепунг группийн нууцад нэвтэрсэн эх сурвалжийн мэдээлснээр уг хөрөнгө оруулалт нь Хойд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэнэ гэв. Мөн уг эх сурвалж хөрөнгө оруулалтыг 15 тэрбум ам. доллар аар үнэлсэн бөгөөд Хойд Солонгост орж ирж буй хөрөнгө оруулалтын 60 хувийг эзэлнэ гэв.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятад Хойд Солонгосыг Зургаан талт хэлэлцээрт эргэн ирэхэд түлхэц болох үүднээс уг хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Өнгөрсөн оны 4 сард Хойд Солонгосыг пуужингийн туршилт хийснээс болж НҮБ хатуу хориг арга хэмжээ авсан билээ. Үүний хариуд Хойд Солонгос Зургаан талт хэлэлцээрээс гарсан юм. Дээрх хориг арга хэмжээ Хойд Солонгост хүндээр туссан бөгөөд 90-ээд оны аймшигт өлсгөлөнгөөс хойш Хойд Солонгос гадаадын тусламжаас ихээхэн хамааралтай болоод байсан юм. Өнөөдөр тус улсад байнга хүнсний хомстол тулгардаг бөгөөд өнгөрсөн 11 сард хэрэгжүүлсэн мөнгөний дахин үнэлгээ нь байдлыг улам дордуулсан юм. Пхеньяны эрх баригчдын мэдэгдэж буйгаар НҮБ-ын хоригийг цуцалж, АНУ-тай Солонгосын хойгт энх тайвны гэрээ байгуулах хэлэлцээр эхэлсэн үед Хойд Солонгос Зургаан талт хэлэлцээрт эргэн ирнэ гэв.
АНУ / Узбекистан: “АНУ Узбекистанд цэргийн бааз байгуулах төлөвлөгөө огт байхгүй”
RIA Novosti, 22 February 2010
Өчигдөр АНУ-ын Афганистан болон Пакистан дахь тусгай элч, элчин сайд Ричард Холбрук Вашингтон Узбекистанд цэргийн бааз байгуулах төлөвлөгөөтэй гэх мэдээллийг няцаав. Холбрук Төв Азид бүс нутгийн эрх баригчидтай уулзах үеэрээ энэхүү мэдэгдсэн байна. АНУ Афганистанд дайн эхэлснээс хойш Төв Азид цэргийн арын албыг хариуцах газар нутаг хайсаар ирсэн билээ. Гэвч энэ оролдлого нь ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь ОХУ тус бүс нутгийг өөрийн нөлөөний хүрээ гэж үздэг юм.
Тайван: “Тайван ий агаарын хамгаалалтыг Пентагон хангалтгүй гэж дүгнэв” мөн “Америкийн тагнуулын албанаас Тайван ий агаарын хамгаалалтын тухай тайлан гарав”
Associated Press, 22 February 2010 & Defense News, 22 February 2010
Пентагоны Батлан хамгаалахын тагнуулын агентлаг (DIA) Тайваний агаарын хамгаалалтын тухай тайлан гаргасан байна. Уг тайланд Хятадын зүгээс ирж болзошгүй түрэмгийлэлд Тайваний агаарын хамгаалалт тэсэхгүй хэмээн мэдэгдсэн юм. Учир нь Тайваний 400 гаруй сөнөөгч онгоцны дийлэнх нь байлдааны бэлэн байдлын техникийн шаардлагыг хангахгүй байгаа юм. АНУ-д үйлдвэрлэсэн 60 ширхэг F-5 сөнөөгч онгоцны ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн, Тайванчуудын өөрсдөө хийсэн IDF сөнөөгч онгоцны байлдааны болон зэвсэг тээх чадвар муу тул түрэмгийллийн үед хариу цохилт үзүүлэх чадваргүй, Францад үйлдвэрлэсэн 56 ширхэг Mirage 200-5 сөнөөгч онгоцны ашиглалтын зардал өндөр гэх зэрэг асуудлууд байгаа юм. Тайван 2006 оноос эхлэн АНУ-аас 66 ширхэг F-16C/D сөнөөгч онгоц авах хүсэлтээ илэрхийлсээр байгаа бөгөөд Тайваний зүгээс уг худалдааг Конгрессээр батлуулахын тулд дээрх тайланг ашиглаж байгаа юм. Батлуулахыг яаравчилж байгаа бас нэг шалтгаан нь удахгүй АНУ F-16 сөнөөгч онгоцны үйлдвэрлэлээ зогсоож шинэ F-35 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэж эхлэх юм. Бээжингийн байр суурь болон сүүлд АНУ-аас Тайванд хийгдсэн зэвсгийн худалдааг авч үзэхэд ойрын хугацаанд Тайпэйн хүсэлт биелэхгүй бололтой.
Хятад / АНУ: “Хятад АНУ-ын элчин сайдыг Далай ламын асуудлаар дуудан уулзав”
CNN, 21 February 2010
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Обама Төвдийн цөллөгөнд буй удирдагч Далай ламыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Төвдийн асуудал, шашин шүтлэгийн эрх чөлөө, хүний эрх гэх зэрэг асуудлыг ярилцсан байна. Энэхүү уулзалт нь АНУ болон Нобелийн шагналтан Далай лам нарын харилцаанд ач холбогдолтой боловч эдгээр уулзалтууд АНУ, Хятад хоорондын байнгын маргааны нэг шалтгаан болдог юм. Далай лам Төвдийн хараат бус байдлыг хүсдэг тул Бээжин түүнийг төрийн дайсан, салан тусгаарлагч гэж үздэг юм. Тийм учраас 1991 оноос хойш эхэлсэн эдгээр уулзалтыг Бээжин буруушаасаар ирсэн юм. Гэхдээ энэхүү сүүлийн уулзалт Вашингтон Бээжин хоорондын харилцаа хурцадмал байх үед болсон нь онцлогтой. Худалдааны маргаан, АНУ- Тайваний зэвсгийн наймаа, Гүүглийг (Google) тойрсон асуудал гэх зэрэг олон ээдрээтэй асуудлууд хоёр улсын харилцааг муутгаад байгаа юм. Албаны хүмүүсийн хүчтэй шүүмжлэл нь Хятадын дургүйцлийг илэрхийлдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хятад АНУ-ын элчин сайдыг тус уулзалтын асуудлаар дуудаж уулзсан байна. Мөн Хятадын коммунист намын дээд албан тушаалтан уг уулзалт Хятад-Америкийн харилцааг ноцтойгоор муутгаж магадгүй гэж мэдэгдсэн байна. Зарим шинжээчид Хятад дипломат харилцаагаа таслах хүртэл арга хэмжээ авч магадгүй гэж үзэж байна. Далай лам Франц болон Германы төрийн тэргүүнтэй уулзахад Хятад дээрх арга хэмжээг авч байв. Эцэст нь Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао Вашингтонд ирэх 4 сард хийх айлчлалаа зогсоож магадгүй юм.
Хятад / АНУ / Саудын Араб: “Хятад АНУ-аас илүү их нефть Саудын Арабаас авах болов”
Financial Times, 21 February 2010
2009 оны 12 дугаар сард анх удаа Саудын Арабын Хятад уруу гаргаж буй нефтийн экспорт АНУ-руу гаргаж байгаас давсан үзүүлэлт гарсан байна. АНУ-руу гаргаж буй экспорт 1998 оноос хойш хамгийн бага буюу өдөрт 998,000 баррельд хүрсэн байна. Харин Хятад уруу гаргаж буй экспорт өдөрт 1 сая баррель давсан байна. Энэхүү өөрчлөлт нь АНУ-ын эдийн засгийн хямралаас үүдэлтэй дотоодын эрэлт хэрэгцээний багасалт, Канад зэрэг бусад тогтвортой бүс нутгаас нефть импортлох, Обамагийн засгийн газрын уламжлалт бус эрчим хүч ашиглан гадаадын нефтийн хараат байдлыг багасгах бодлого зэрэг шалтгаанаас үүдэн гарсан юм. Харин Хятад Саудын Арабын удаан хүлээсэн байнгын эрэлт хэрэгцээний баталгаа олгож байгаа юм. Энэ өөрчлөлт үргэлжилбэл АНУ- Саудын Арабын харилцаанд ноцтой өөрчлөлт гаргахгүй ч Хятад дэлхийн эрчим хүчний зах зээлд, тэр дундаа Ойр хи Дорнодод томоохон тоглогч болон гарч ирж буйг харуулж байгаа юм.
Өмнөд Солонгос / Афганистан: “Солонгосын Үндэсний Ассамблей Афганруу цэрэг илгээх шийдвэр гаргав”
South Korea Herald, 26 February 2010
Солонгосын Үндэсний Ассамблейгийн гишүүдийн 148 нь дэмжсэн, 5 нь татгалзсан, 10 нь түдгэлзэж олонхын саналаар 350 гаруй цэрэг 7 дугаар сарын 1-нээс эхлэн Афганистан уруу илгээх шийдвэр гаргасан байна. Сөрөг хүчний 4 намын зарим гишүүд уг шийдвэрийг цуцлах оролдлого хийсэн байна. Цэргүүд Афганистаны хойд нутагт орших Парван мужид байрлах бөгөөд 30 сарын турш орон нутгийн сэргээн босголтын багт ажиллаж буй Солонгосын иргэний тусламжийн ажилчдыг хамгаалах юм. Өмнөд Солонгос 2002 оноос 2007 оны туршид 200 гаруй инженер, эмнэлгийн ажилтнуудыг Афганистанд илгээгээд байсан юм. Гэвч 2007 оны зун Талибаны байлдагч нарт барьцаалагдсан 21 Солонгосын Христийн номлогчдыг суллахын тулд цэргээ татсан юм.
No comments:
Post a Comment