Чхонань хөлгийн сүйрлийн хэрэг явдлын улмаас үүдээ тас хааж, нүүрээ буруулсан хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед алгуур сэргэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн тухай гэгээлэг мэдээнүүд орж ирж байна.
Тухайлбал, БНАСАУ-ын зарим мужуудад учирсан үерийн гамшгийг арилгахад нь зориулж тус улсын хүсэлтээр БНСУ-ын Засгийн газар 80 сая долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв. Олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас Умард Солонгосын Синижү хот, Хойд Пхеньян зэрэг мужид 7700-аад өрх, олон мянган га тариалангийн талбай усанд автаж, БНХАУ, НҮБ-ын зүгээс яаралтай тусламж үзүүлж эхлээд байгаа юм.
Үүнээс гадна бас хил зөрчсөн Өмнөд Солонгосын “Дэсонхо” загас агнуурын усан онгоцыг багийн долоон гишүүний хамт Пхеньян энэ сарын 8-нд эх оронд нь эгүүлэн өгснөөр үл барам удахгүй болох намрын дунд сарын шинийн арван тавны үндэсний баярыг тохиолдуулан хоёр талд тусгаарлагдсан гэр бүл, төрөл төрөгсдийг улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар уулзуулах санал тавьсныг Өмнөд Солонгосын тал нааштайгаар хүлээн авч, тэдний уулзалтыг зохион байгуулах ажлыг хойшид байнгын болгож тогтмолжуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Солонгосын орчин үеийн түүхийн хар толбо болох эмгэнэлт энэ асуудал хоёр Солонгосын харилцаанд онцгой чухал байр суурь эзэлдэг юм. 1948 оны хуваагдмал байдал болон 1950-1953 оны Солонгосын дайны уршгаар хоёр талын 10 сая орчим төрөл төрөгсөд, ойр дотныхон түүний дотор эхнэр, нөхөр, аав хүү, ээж охин, ах дүүс хоёр талд тусгаарлагдсан бөгөөд БНСУ-ын Үндэсний нэгдлийн яамны мэдээнээс үзэхэд, 1988 оноос тус улсын 128 мянган ийм иргэд Умард Солонгост байгаа өөрийнхэнтэйгээ уулзах хүсэлт тавьсны дөнгөж 10 хувийг одоогоор хоёр тал уулзуулаад байгаа нь туйлын чамлалттай хэрэг юм. Хоёр Солонгосын иргэд хоорондын харилцаанд энэхүү уулзалтаас өөр албан ёсны суваг байхгүй нь бусад хуваагдмал үндэстнүүд, хүйтэн дайны үеийн хоёр Германыхтай харьцуулахад маш хангалтгүй түвшин гэж хэлж болно. Хүсэлт гаргасан дээрх иргэдийн 44 мянга нь уулзаж чадалгүй хорвоогоос хальж, хүлээж буй үлдсэн хэсгийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байгаагаагаар үл барам жилд таван удаа, нэг удаагийн уулзалтаар 200 хүнийг уулзуулж ирсэн дунджаар жишиглэж үзэхэд хүсэлт гаргасан үлдсэн иргэдийг бүгдийг нь уулзуулахад дор хаяж 60 жил зарцуулагдах нь асуудал хэр зэрэг тулгамдсаныг харуулж байна. Тусгаарлагдсан эдгээр иргэд, дайны олзлогдогсод, улс төрийн барьцаалагдагчдын асуудлыг цаг алдалгүй шийдэх талаар Өмнөд Солонгос голдуу санаа тавьж ирсэн бол энэ удаа Пхеньяны зүгээс ийм санаачилга гарсан нь бас чиг олзуурхууштай хэрэг юм.
Өөр нэг найдвар төрүүлэхүйц зүйл бол Умард Солонгостой харилцах талаар нэлээд прагматик бодлоготой БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бак энэ сарын 10-нд Оросын телевизид өгсөн ярилцлагадаа хоёр Солонгосын харилцаа сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Кесон дахь хоёр талын хамтарсан аж үйлдвэрийн хоёр дахь цогцолборыг барьж болох тухай дурдсан явдал юм. Энэ цогцолбор энэ удаа хаагдаагүй тэсч үлдсэн хамтын ажиллагааны цорын ганц суваг байлаа. Мөн БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны дарга Ким Жон Ир тавдугаар сард Хятадад айлчлахдаа Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг сэргээх ашигтай нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна гэж мэдэгдсэн санаагаа өнгөрсөн сард БНХАУ-ын дарга Ху Жинтаотой Чанчуньд хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр зургаан талт хэлэлцээг нэн даруй сэргээх хүсэлтэй байна гэсэн агуулгаар урагш нь шат ахиулав. Дээд хэмжээний эдгээр мэдэгдлүүдийг үе үе тасардаг хоёр талын харилцааг сэргээх уламжлалт хэрэгсэл болгож ирсэн хүмүүнлэгийн салбарын хэлхээ холбоог хөхиүлэн дэмжсэн улс төрийн дэмжлэг гэж үзэж болох байна.
Түүнчлэн Умард Солонгосын удирдагчийн Хятадад хийсэн гэнэтийн айлчлал, зургаан талт хэлэлцээнд оролцогчдын ойр ойрхны яриа хэлэлцээ, БНАСАУ-д дээд удирдлагын залгамжлагчаа тодруулахад болон Сөүлд G20-ийн уулзалт зохион байгуулахад тайван орчин нөхцөл шаардлагатай байгаа явдал, тэрчлэн байдлыг тогтворжуулаасай гэсэн их хөршүүдийнх нь хүсэл сонирхол, асуудалд бодитойгоор хандахыг Пхеньянд уриалсан АНУ-ын уриалга зэрэг Хойгийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг үүнтэй бас холбож авч үзэх учиртай.
Солонгосын харилцаа ийнхүү сэргэх аяс ормогц холбогдогч орнуудын хоорондын урьдчилсан яриа хэлэлцээ ч бас идэвхжиж эхэллээ. НҮБ-ын чуулганы үеэр арай тодорхой дүр зураг уншигдах байх. Бас жил хагасын турш зогсонги байдалд орсон зургаан талт хэлэлцээ яваандаа сэргэх, эсвэл түүнээс илүү үр дүнтэй шинэ механизм бий болох асуудал ч тодорч магадгүй.
Ямартай ч байсан өдөөн хатгалага, будлиан мөргөлдөөн, цэргийн сургууль, дайсагнасан сүржин мэдэгдлүүд тэр ч байтугай цөмийн зэвсгийн туршилтаар чочроодог түгшүүртэй байдал Солонгосын Хойгт энэ удаа намжих бололтой. Гэхдээ хоёр Солонгосын харилцаа цаашид ямар түвшинд хүрэх, түүнийг дагасан тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх, бүс нутгийн аюулгүй байдалд ямар үр нөлөө авчрах, үйл явдал бүхэлдээ ямар чиглэлээр хэрхэн өрнөх нь Умард, Өмнөд Солонгос, тус Хойгт холбогдогч гол орнуудын байр суурь, өөрийн ард түмэн, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээх хариуцлага, асуудалд хандах бодит хандлага, илүү ашигтай ухаалаг арга замын сонголт зэргээс шалтгаалах биз ээ.
No comments:
Post a Comment