Thursday, December 6, 2012

ЧИТАД УЛАМЖЛАЛТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

ОХУ-ын Читийн хязгаарын засаг, захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хил хоорондын хамтын ажиллагаа: Орос, Монгол, Хятад“ сэдэвт олон улсын бага хурал Чита мужид 2009 оны аравдугаар сарын 21- 23–ны өдрүүдэд болж өнгөрлөө.
     Уг хуралд Монголын талаас ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлын төвийн дарга, доктор Р.Батмэнд, Төрийн байгууллын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга П.Хосбаяр, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд; Оросын талаас Н.Г.Чернышевскийн нэрэмжит Забайкальск мужийн хүмүүнлэгийн их сургууль, Читын улсын их сургууль, Байкальскийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн Чита дахь хүрээлэн, Забайкальскийн төмөр замын хүрээлэн, Эрхүүгийн хүнс хөдөө аж ахуйн академийн салбар–Забайкальскийн газар тариалангийн хүрээлэн болон Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дахь салбарын Байгалийн нөөц, экологийн хүрээлэн; Хятадын талаас Өвөр Монголын Манжуурын их сургуулийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Бага хурал “Хил хоорондын хамтын ажиллагааны нийгэм, эдийн засаг ба хүмүүнлэгийн хүрээ“, “Орон нутгийн эдийн засаг, эрх зүй ба олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа“, “Забайкальск мужийн зам харилцаа гадаад хамтын ажиллагааны дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд Зам харилцааны зангилаа үйлчилгээний төвийг Чита хотод байгуулах”, “Хил залгаа Орос /Забайкальск муж, Өвөр Монгол, Монголын зүүн аймгууд/ орнуудын байгаль хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа“, “Орос–Монголын хамтын ажиллагааны хүрээ“ сэдвийн дор болжээ.
Бага хурлын үеэр төлөөлөгчид Эрхүү хотын төмөр замын их сургуулийн салбар Забайкальскийн төмөр замын хүрээлэнтэй танилцаж, “Забайкальск мужийн төмөр замын зангилаа үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт бага хуралд оролцжээ. Энэ зангилаа үйлчилгээ нь Читийн зам харилцааны зангилаа дээр олон улсын жишигт тохирсон экспорт-импорт болон дамжин өнгөрүүлэх тээврийн сервиз үйлчилгээг хангах зорилготой аж. Өнөөгийн байдлаар Чита хотын ойролцоо төмөр, хуурай болон агаарын замын уулзвар болж болох газрын байршлаа сонгосон тухайгаа танилцуулжээ. Мөн энэ үеэр “Халх голын ялалтын 70 жил“ сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан байна.

No comments:

Post a Comment