Sunday, December 9, 2012

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨХ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг байгуулах анхны
уулзалтыг Стратегийн судалгааны хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд 2010 оны 4 дүгээр сарын 15-нд зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ.

Бодлогын зөвлөл нь байнгын бус ажиллагаатай, Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлуудаар хүрээлэнтэй хамтран төрийн бодлого боловсруулагчдад зориулсан зөвлөмж гаргах, хурал, уулзалт зохион байгуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр тус хүрээлэнтэй харилцан уялдаатай ажиллах юм.

Зөвлөлийн үндсэн зорилго нь Монгол Улсын төрийн бодлого боловсруулагчид болон иргэдийн гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудыг холбогдох зөвлөмж, зөвлөгөөгөөр дэмжихэд оршино.

Тус зөвлөл нь манай улсын шилдэг эрдэмтэд, чадварлаг дипломатууд, төрийн зарим өндөр албан тушаалтнууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын алба хашиж байсан төрийн зүтгэлтнүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулахын зэрэгцээ мэдлэг боловсрол, мэргэжлийн туршлага, олон нийтэд болон мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн байна. Уг бодлогын зөвлөлийн даргаар Зүүн Хойд Азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр сонгогдлоо. Бодлогын зөвлөлийн гишүүдийг насны хувьд ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөр жигд хамруулсан нь аюулгүй байдал, гадаад бодлогын салбар дахь Монгол төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьжээ.

No comments:

Post a Comment