Thursday, December 6, 2012

"Хүний аюулгүй байдлын онол, практикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн “Хүний аюулгүй байдлын онол практикийн асуудлууд” сэдэвт бага хурлыг 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Бага хурлын үндсэн зорилго нь хүний аюулгүй байдлын дэлхийн түвшинд яригдаж буй онолын гол чиг хандлага, Монгол хүний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй эмзэг асуудлууд, түүнийг хэмжих хэмжүүр зэрэг асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэхэд оршиж байлаа.
Бага хуралд Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Анна Биолик, ХБНГУ-с Бээжинд Монголыг хавсран суугаа цэргийн атташе, хурандаа Волкганг Фишер нар уригдан оролцлоо. Түүнчлэн Канадын Виктория-ийн Их сургуулийн профессор Роберт Бедески, Шведийн Аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын Их сургуулийн доктор Берт Эдстром нар оролцож хүний аюулгүй байдлын онолын чиг хандлагын талаар сонирхолтой илтгэл тавилаа. Эрдэм шинжилгээний бага хуралд хүрээлэнгийн судлаачдаас гадна Үндэсний хөгжлийн хүрээлэн, Батлан Хамгаалахын Их сургуулийн Олон улсын судлал ба аюулгүй байдлын төвийн багш нар, НҮБ-ийн хүн амын сангийн мэргэжилтэн зэрэг хүний аюулгүй байдлын асуудлыг сонирхон судалдаг судлаач, мэрэгжилтнүүд оролцож сонирхолтой асуулт тавьж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Бага хуралд профессор Роберт Бедески ”Хүний аюулгүй байдлын онол, түүний хэтийн төлөв (хүн төвт онол)” доктор Берт Эдстром “Хүний аюулгүй байдлын онол-практикийн асуудлууд-Японы жишээ (төр засгийн хэмжээнд хүний аюулгүй байдлыг хангах онол)”, Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч Ц.Бумхорол “Монгол хүний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, цаашид анхаарах зарим асуудлууд”, тус хүрээлэнгийн шинжээч Н.Соёлгэрэл “Монгол хүний аюулгүй байдлын хэмжүүрүүд”сэдвээр илтгэл тавилаа. Монгол хүний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай нягт уялдаатай, түүнийг бэхжүүлэн батжуулж, хүний хөгжлийг сайжруулж, хүний эрхийг дээдлэн өргөжүүлэхэд оршино. Бага хурлын үеэр яригдсан гол асуудлуудын нэг нь хүмүүст аюулгүй байдлаа өөрөө хангах, хариуцлагатай байх тухай ойлголт өгөх явдал байв.
Доктор Берт Эдстром хүний аюулгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагууд хэрхэн оролцдог тухай асуудлыг Японы жишээн дээр тулгуурлан ярив. Профессор Роберт Бедески хүний аюулгүй байдлын тухай онолын сонирхолтой чиг хандлагыг хөндөн тавилаа.

СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
2009 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24

No comments:

Post a Comment