БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны дарга Ким Жон Ир БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар албан бусаар наймдугаар сарын 26-30-нд Хятадад /Зилинь, Хармөрөн муж/ айлчилж, дээд хэмжээний хэлэлцээ хийсэн нь олон улсын анхаарлыг багагүй татаж байгаа Солонгосын Хойгийн бас нэгэн содон үйл явдал боллоо.
Юуны өмнө түүний гурван сарын дараа дахин бие даан хийж байгаа энэ айлчлал нь БНАСАУ болон Хятадын хувьд нэн ховор хэрэг юм. Ялангуяа Солонгосын Хойгийн асуудлаарх “зургаан талт хэлэлцээ” зогсонги байдалд орсон, хэдийд сэргэх нь тодорхойгүй, Чонань хөлгийн сүйрэлтэй холбогдуулан АНУ болон түүний холбоотон орнууд Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч эхэлсэн, хоёр Солонгосын харилцаа бүх түвшинд тасарсан, Хойгийн эргэн тойронд цэргийн томоохон хэмжээний сургууль болж буй зэрэг ээдрээ түвэгтэй байдалд уг айлчлалыг хийв.
Үүнээс гадна БНАСАУ-ын СХН-ын Төв Хорооны төлөөлөгчдийн Бүгд хурлыг 44 жилийн дараа ирэх есдүгээр сарын эхээр зарлан хуралдуулж, улс төрийн элит дотор өргөн хүрээтэй өөрчлөлт хийх, удирдлагын залгамж ирээдүйгээ бэлтгэх асуудлыг тодруулах гэж буй дотоод улс төрийн томоохон үйл явдал, тэрчлэн АНУ-д 11 дүгээр сард явагдах дунд шатны сонгууль, Сөүлд зохиогдох G20-ийн уулзалтын өмнө болсноороо ч онцлогтой юм.
Уг айлчлалын талаар Синьхуа агентлагийн мэдээлснээр, хэлэлцээний үеэр Хятадын удирдлага хоёр талын өндөр, дээд хэмжээний уулзалт яриаг тогтмолжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутгийн асуудлаарх стратегийн хэлхээ холбоог идэвхжүүлэхийг санал болгосон байна. Түүнчлэн Ху Жинтао дарга Хятадын эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлогын 30 жилийн туршлагаас танилцуулж, хөгжлийг хурдасгахад өөрийн хүч бололцооноос гадна гадаад хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэсэн нь Умард Солонгосын удирдлагын анхаарлыг энэ чиглэл рүү дахин хандуулсан төдийгүй Хятадын туршлагаас танилцуулах хүсэлтээ Умард Солонгосын удирдлагад өмнө нь болгоомжтой илэрхийлж байсан Төрийн зөвлөлийн дарга Вэн Жабаогийн үгнээс илүү хүчтэй илэрхийлэл болжээ. Ийм байдлаар эрчимтэй хөгжиж буй Умард Солонгостой хил залгаа Хятадын Зүүн Хойд бүсийн гурван мужийн нэгийнх нь төв - Чанчунд уулзалтыг товлож, ойролцоох аж ахуйн объектуудтай Ким Жон Ирийг танилцуулсан нь ч тохиолдлын хэрэг биш бололтой. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бак уг айлчлалтай холбогдуулан хэлэхдээ "... Ийнхүү Хятадад ойр ойрхон айлчлах нь тус орны эдийн засгийн хөгжилтэй танилцах боломж олгож, БНАСАУ-ын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ" хэмээн нааштайгаар үнэлсэн байна.
Харин “Жинминжибао” сонины хавсралт “Global Times” сонин наймдугаар сарын 30-ны дугаартаа уг айлчлалд зориулж нийтлэсэн “БНАСАУ, Хятадын тогтвортой харилцаа нь Хятадын стратегийн ашиг сонирхолд нийцнэ” гэсэн гарчигтай өгүүлэлд “... Хятад улс бусдын заалт заавраар явдаггүй. Тэгээд ч БНАСАУ-тай тогтвортой харилцаагаа хадгалах нь Хятадыг Япон, Өмнөд Солонгос, АНУ-тай дайсагнуулах хүчин зүйл болох учиргүй. Харин ч бүс нутгийн тэнцвэртэй байдлыг тууштай барихад нь Хятад улсад ч, улмаар ЗХА-ийн энх тайван, цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлнэ. Гадаад ертөнцөд үүд хаалгаа нээх чиглэлээр Умард Солонгосыг замнахад нь Хятад улс үргэлж дэмжиж туслаж байх болно... Түүх, газар зүйн байршлаараа БНХАУ, БНАСАУ-ын харилцаа эгэл жирийн хэврэг харилцаа биш бөгөөд Ким Жон Ир яагаад байн байн Хятадад айлчилдгийн учрыг үүнээс ухаж мэдэж болох юм“ гэж дурдаад цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээний ширээнд Хятад л Умард Солонгосыг дуулгавартай хөтөлж суулгахуйц хүчтэй нөлөөтэй гэж үздэг үзэл бодол бол бодит бус найдлага. Тэд /Умард Солонгос/ өөрөө өөртөө эзэн байх чин хатуу хүсэл эрмэлзэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тэгээд ч Хятадын гадаад бодлогын зарчим нь нөгөө талынхаа дотоод хэрэгт оролцохгүй байх явдал билээ.” гэж тэмдэглэснийг Өрнөдийнхөнд өгсөн сануулга гэж ойлгож болох юм.
Харин энэ айлчлалаар БНАСАУ-ын тэргүүн Солонгосын Хойгийн асуудлаарх Зургаан талт хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа нотолсон нь тавдугаар сард хэлэлцээг сэргээх нөхцөл бүрдүүлэхийн төлөө байна гэснээс нэг шат ахисан хэрэг боллоо. Үүнтэй зэрэгцээд Хятадын төлөөлөгч холбогдогч зарим орнуудтай яриа хэлэлцээ явуулж байна. Гэхдээ өмнөх хэлэлцээнүүдээр тохиролцсон асуудлуудыг хэрхэн хэрэгжүүлэх, зөрүүтэй байр суурийг яаж даван туулах, Чонань хөлгийн сүйрлийг тойрсон асуудлыг ямар аргаар зохицуулах, хэлэлцээг сэргээлээ гээд ямар үр дүнд хүрэх, тавьсан шаардлагуудыг яах вэ гэх мэт шийдвэрээ хүлээсэн бүрхэг асуудал цөөнгүй байна.
Солонгосын асуудал цаашид хэрхэн ямар байдлаар өрнөх, тухайлбал, Умард Солонгосын эсрэг АНУ, Өмнөд Солонгос, Япон шахалт үзүүлэх хатуу байр сууринаасаа ухрахгүй байх, түүнийг нь Хятад, БНАСАУ сөрж “уул, усаар хиллэсэн уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлэх” замаар байдал нэг хэсэгтээ сөрсөн хэвээр үргэлжлэх үү, эсвэл Зургаан талт хэлэлцээг тэргүүлэгчийн хувиар Хятадын зүгээс гаргаж буй хүчин чармайлтаар талууд хэлэлцээний ширээнд эргэж суух уу гэдэг нь оролцогч талуудын цаашдын байр сууринаас одоохондоо шалтгаалах байх. Гэхдээ эцсийн үр дүн нь энэ бүс нутгийн ирээдүйн хувь заяа руу чиглэсэн стратегийн ашиг сонирхлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох биз ээ.
No comments:
Post a Comment