Sunday, December 9, 2012

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОЛОН УЛСЫН ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ /2010 ОНЫ 3 ДУГААР САР/

ОХУ / Ливан: “ОХУ сөнөөгч бус зэвсэглэсэн онгоцыг Ливанд худалдаж байна” мөн “Ливан ОХУ-ын Ми-24 онгоцыг худалдан авч байна” 
Defense News, 27 February 2010 & Defense Aerospace, 01 March 2010 

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Ливаний Ерөнхийлөгч Мишель Сулейман нарын уулзалтын үр дүнд Москва өмнөх зэвсгийн худалдааны гэрээг
шинэчлэн Бейрутэд сөнөөгч онгоцны оронд довтолгооны нисдэг тэрэг олгохоор болсон байна. ОХУ 2008 оны гэрээний дагуу 10 ширхэг Миг-29 сөнөөгч онгоцыг Ливанд худалдахаар тохиролцоод байсан хэдий ч нягтлан үзвэл уг сөнөөгч онгоц Ливаны агаарын хамгаалалтад тийм ч их хувь нэмэр оруулахгүй гэдгийг тогтоосон байна. Учир нь Ливаны хөрш орнууд болох Израиль болон Сири зэрэг улс илүү хүчирхэг агаарын нисэх хүчинтэй бөгөөд Миг-29 онгоцны ашиглалтын зардал нь Ливаны батлан хамгаалах төсвийн ихээхэн хэмжээг эзлэх юм. Харин оронд нь ОХУ 10 ширхэг Ми-24 байлдааны нисдэг тэргийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр болжээ. Уг нисдэг тэрэгний ашиглалтын зардал бага бөгөөд хот суурин газрын ажиллагаанд явган цэрэгт дэмжлэг үзүүлэхэд үр дүнтэй юм. Ийнхүү нисдэг тэрэг үнэ төлбөргүй өгч буй нь ОХУ Ойрхи Дорнодод илүү их стратегийн оролцоогоо бий болгох эрмэлзлэлтэйг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

ОХУ: “ОХУ-ын Ингушетид зургаан босогч амиа алдсан байна”
Xinhua, 02 March 2010

ОХУ-ын Хойд Кавказ дахь Ингушетид болсон мөргөлдөөний улмаас зургаан босогч амиа алдаж, цагдаагийн таван ажилтан шархадсан байна. ОХУ-ын Хойд Кавказын бүс нутаг нь Чечень, Дагестан болон Ингушетиэс бүрддэг. Энэхүү бүс нутагт босогчид болон гэмт хэргийн бүлэглүүдийн уршгаар ядуурал, хүчирхийлэл газар авсан бөгөөд энэ байдлыг Москва бүс нутгийн тогтвортой байдлын гол аюул занал гэж үздэг юм.

ОХУ: “ОХУ шинэ стратегийн бөмбөгдөгч онгоц бүтээв”
Defense News, 02 March 2010

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн даваа гаригт хуучин Ту-95 болон Ту-160 онгоцнуудыг орлуулж шинэ стратегийн бөмбөгдөгч онгоц үйлдвэрлэх талаар мэдэгдсэн байна. В.Путин шинэ бөмбөгдөгч онгоцны талаар нарийн мэдээлэл өгөөгүй ч, энэхүү онгоцны үйлдвэрлэл нь зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдэв. Москвагийн төлөвлөгөөгөөр дээрх онгоцыг 2025-2030 оны хооронд ашиглалтад оруулах юм байна. Энэхүү үйл явдал нь хүйтэн дайны үеийн нисэх хүчний техник, технологио шинэчлэх Москвагийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд ЗХУ-аас хойш байгаагүй хэмжээний дотоодын үйлдвэрлэлийн захиалга өгсөн байна. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд 1500 ширхэг шинэ онгоц, нисдэг тэрэг ашиглалтад орох бөгөөд үүний үр дүнд ОХУ-ын нисэх хүчний 80 хувь нь орчин үеийн техниктэй болох юм. Зөвхөн энэ жилд 27 онгоц, 50 нисдэг тэрэг шинээр ашиглалтад орох юм байна.

Иран / ОХУ: “Иран ОХУ-ыг S-300 пуужингийн системээ худалдах амлалтаа биелүүлэхийг шаардаж байна”
Xinhua, 02 March 2010

ОХУ амласан ёсоороо агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сүүлийн үеийн S-300 пуужингийн системээ Иранд нийлүүлэхгүй бол энэ нь Иран дахь Оросын нэр нөлөө буурахад хүргэнэ гэж Ираны ахмад хууль тогтоогч мэдэгдэв. ОХУ 2007 оны гэрээний дагуу Иранд тодорхой бус тооны S-300 агаарын эсрэг пуужингийн систем нийлүүлэхээр тохиролцоод байсан юм. Уг пуужингийн систем сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд Израиль, Ираны цөмийн үйлдвэрийн газруудад агаарын цохилт өгөх талаар яригдаж байх үед гэрээг байгуулсандаа Тегеран ихээхэн олзуурхаж байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пуужингийн худалдааг гэрээ ёсны дагуу хийхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн боловч үүний өмнө шийдвэрлэх асуудлууд байгаа гэж хэлсэн байна. Шинжээчдийн таамаглалын дагуу АНУ-ын зүгээс Москвад уг худалдааг зогсоохоор хүчтэй лобби хийж байгаа бөгөөд асуудал START /АНУ-ОХУ хоорондын цөмийн зэвсэг багасгах хэлэлцээр/ хэлэлцээрийг дахин явуулахтай холбоотой байж болох юм. Ираны хувьд уг пуужингийн системийг бүс нутагт энх тайвныг бататгах зорилгоор авах шаардлагатай байна хэмээн мэдэгдсэн юм.

Энэтхэг: “Энэтхэгийн гол Маоист удирдагч Калькуттад баривчлагдав” мөн “Энэтхэгийн Маоистууд удирдагчаа суллахыг шаардаж байна.
BBC News, 02 March 2010 & BBC News, 04 March 2010

Калькуттад Энэтхэгийн Маоистуудын гол удирдагч Венкатесвар Редди буюу Телегу Дипакыг өнгөрсөн мягмар гаригт баривчилсан байна. Энэ нь Энэтхэгийн Засгийн газрын томоохон баривчилгааны нэг болсон байна. Дипак 24 цэрэг хөнөөсөн болон бусад хэд хэдэн халдлагыг өнгөрсөн сард зохион байгуулсан бөгөөд Маоист цэргийн жигүүрийн толгойлогч Котесвара Раод ойр хүний нэг юм. Энэхүү баривчилгаа нь Энэтхэгийн Засгийн газар босогчидтой гал зогсоох талаар хийсэн хэлэлцээр амжилтгүй болсон үед тохиож байгаа юм. Рао Засгийн газрыг довтолгоогоо зогсоосон нөхцөлд гал зогсоох хэлэлцээ хийхийг өнгөрсөн сард санал болгосон юм. Гэхдээ тэрээр уг саналаа бичгээр илэрхийлэхээс татгалзсан бөгөөд оронд нь хэлэлцээ хийх утасны дугаар өгчээ. Саяхан Рао шинэ нөхцөлөө тулган тавьсан бөгөөд үүнд Дипак зэрэг гол удирдагчдыг суллахыг шаарджээ. Ялгаа нь Рао энэ удаа Засгийн газарт гурван хоногийн хугацаатай тулган шаардлага тавьж, шаардлагыг эс биелүүлбээс дайралт хийнэ гэж заналхийлжээ. Засгийн газрын Маоистуудын эсрэг ажиллагаа нь “Ногоон агнуурын ажиллагаа” гэх бөгөөд өнгөрсөн сард хэд хэдэн мужид идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна. Босогчид 600-гаад дүүргийн 223-т үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 жилийн тэмцлийн үр дүнд 6000 гаруй хүн амь үрэгдээд байна.

Хятад: “Хятадын батлан хамгаалах зардлын өсөлт буурав” мөн “Хятадын цэргийн төсвийн хэмжээ цаасан дээр буурав”
Al Jazeera, March 04 2010 & Christian Science Monitor, 04 March 2010

Өнөөдөр Хятадын Засгийн газар 2010 оны батлан хамгаалахын төсвөө 7.5 хувиар буюу 78 тэрбум ам.доллар болгож өсгөхөө мэдээлэв. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал 7.5 хувь гэдэг нь маш бага өсөлт бөгөөд 1998-2008 он хүртэл Хятадын батлан хамгаалахын төсвийн өсөлт жил бүр 15 орчим хувьтай байсан юм. Энэхүү мэдэгдлийн талаар аюулгүй байдлын шинжээчид янз бүрийн үзэл бодолтой байгаа аж. Зарим шинжээчид энэхүү үйл явдлыг Хятадын экспортын секторыг сулруулсан дэлхийн санхүүгийн хямралтай холбож тайлбарлаж байгаа боловч зарим нь Хятадын өсөж буй цэргийн хүч чадалд санаа зовсон бусад улс орнуудыг тайвшруулах зорилготой улс төрийн алхам гэж үзэж байна. Хятадын цэрэг зэвсгийн эрс шинэчлэлт болон сөнөөгч, байлдааны хөлөг, болон цөмийн шумбагч онгоц зэрэг сүүлийн үеийн зэвсэг, техник худалдан авч байгаа явдал нь дэлхийн улс орнуудын хувьд стратегийн тодорхой бус байдал үүсгэж байна. Түүнчлэн, Хятадын арми 2.3 сая цэрэгтэй, дэлхийн хамгийн том зэвсэгт хүчин. Хятадын дипломатууд батлан хамгаалахын төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувь /АНУ- 4 хувь, ОХУ, Англи, Франц – 2 хувь/ эзэлж байгааг онцлон тэмдэглэдэг хэдийч шинжээчид үнэн байдал дээр Хятадын батлан хамгаалахын төсөв хоёр дахин их байх магадлалтай гэж үздэг юм. Учир нь цэргийн гол хөтөлбөрүүд олон нийтэд хаалттай байдаг байна.

Хятад / АНУ: “АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэв”
Los Angeles Times, 04 March 2010

Өнгөрсөн долоо хоногт Хятадын төв хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр АНУ-д хийж буй Хятадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс эрс нэмэгдсэн байна. Үүний гол шалтгаан нь Бээжин асар их хэмжээний гадаад валютын нөөцөө бодит хөрөнгө болгон өөрчлөх зорилго тавин ажиллаж байгаад юм. Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 2009 онд 6.5 хувиар өсөж 43.3 тэрбум ам.доллар хүрсэн байна. Шинжээчид энэ жил энэхүү тоо баримт 60 тэрбум ам.доллар хүрэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр АНУ-д хийсэн хөрөнгө оруулалтыг нарийн тооцоолох боломжгүй ч судлаачдын барагцаагаар 4-6 тэрбум ам.доллар хүрэх юм байна. Мөн шинжээчдийн тэмдэглэж буйгаар Хятад төрөл бүрийн аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулсан байна. Үүнд: Калифорни дахь эрчим хүчний станцууд, Колорадо дахь биотехнологийн компаниуд, Хавай арал дахь цэвэр эрчим хүчний фирмүүд болон нэр хүндтэй Аппэл (Apple), Виза (Visa) зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хийсэн байна. Шинжээчдийн мэдэгдсэнээр, Хятад эдгээр пүүсүүдийн нэгж хувьцааны үнэ бага байх үед нь худалдаж авч байгаа бөгөөд банк, газрын тос, байгалийн хий зэрэг олны анхааралд байдаг салбарт хөрөнгө оруулахаас зайлсхийдэг аж. Үүний гол шалтгаан нь Америкчуудын дунд, тэр тусмаа сонгуулийн үеэр, сөрөг хандлага үүсгэхгүй байхад оршиж байгаа юм.

Солонгосын Хойг: “Хойд Солонгосын цэргүүд урвагч нарыг мөрдөн хөөв”
Straits Times, 04 March 2010

Хойд болон Өмнөд Солонгосын хилийн зурваст өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Учир нь Хойд Солонгосын хэсэг цэрэг Өмнөд рүү оргон зайлсан гэх бөгөөд тэдний араас хэсэг цэрэг хөөж хил нэвтэрсэн байна. Хойд Солонгосын цэргүүд хил нэвтрэх үед Өмнөдийн зүгээс анхааруулах гал нээжээ. Уг хэрэг өнгөрсөн Мягмар гаригт Ганвон мужид болсон бөгөөд хил нэвтэрсэн гэх цэргүүд болон бусад цэргүүдийн талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Гэвч орон нутгийн мэдээллийн хэрэгслээр Өмнөд Солонгосын албаны хүнээс иш татан мэдээлэхдээ урвагч нарыг хөөсөн гэх цэргүүд өөрсдөө хил нэвтрэх оролдлого хийсэн гэжээ. Өндөр хамгаалалт бүхий хоёр Солонгосын хилээр цэргүүд болон ард иргэд дүрвэх үзэгдэл бага байдаг юм. Учир нь ихэнхи дүрвэгсэд Хятадаар дамжин Өмнөд Солонгос руу гарахыг илүүд үздэг байна.

Монгол: “АНУ-ын Делта пуужингийн хэсгүүд Монголд унав”
Xinhua, 05 March 2010

Монголын албаны хүмүүс тус улсын газар нутагт агаараас унасан хоёр том биетийг шинжлэн үзсэний дараа АНУ-д үйлдвэрлэсэн Делта 2 пуужингийн хэсгүүд гэдгийг мэдэгдэв. Шинжээчид хоёрдугаар сарын 19-нд 7.5 метр хүртэлх диаметртэй хоёр том төмөр биетийг Төв аймгийн Бүрэн сүмийн газар нутагт унасан байсныг олсон юм. Уг биетүүд 2009 оны есдүгээр сарын 25-нд Канавэралын хошуунаас хөөргөсөн Делта 2 пуужингийн хэсгүүд байсныг тогтоосон байна. Делта 2 пуужин Пентагоны STSS Demo 1 болон 2 сансрын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулсан юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёр объектын нэг нь пуужингийн түлшний сав байжээ.

Солонгос / АНУ: “АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургууль эхэллээ” мөн “Хойд Солонгос цэргийн сургуулийг эсэргүүцэж мэдэгдэл хийв”
Al-Jazeera, 08 March 2010 & BBC News, 08 March 2010

АНУ-ын 18 мянган цэрэг, мөн Өмнөд Солонгосын тодорхой бус тооны цэрэг оролцсон Гол шийдэл/ Бүргэдийн зулзага нэртэй 10 хоногийн хамтарсан цэргийн сургуулилтыг эхэлсэн байна. Албаны хүний мэдэгдсэнээр, жил болгон зохиогддог уг сургуулилт нь цэвэр хамгаалалтын зориулалттай гэнэ. Сургуулилтад АНУ-ын тэнгисийн явган цэргийн пуужингийн буудлага, агаарын довтолгооны сургуулилт, хот суурин газрын байлдааны сургалт зэрэг багтсан байна. Хойд Солонгосын зүгээс уламжлалт ёсоор уг сургуулилтыг агуулга болон хэлбэрийн хувьд түрэмгий шинжтэй гэж буруушаасан бөгөөд Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бэлтгэл үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэн юм. Хамтарсан сургуулилтын хариуд Хойд Солонгос цэргийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар цөмийн нөөц хүчээ идэвхжүүлсэн бөгөөд АНУ-тай харилцаагаа таслах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр үйл явдал нь Хойд Солонгос, дэлхийн бусад улс орнууд хоорондын дипломат харилцааг муутгах юм. Хойд Солонгос өнгөрсөн жил цөмийн туршилт явуулсны улмаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгост эдийн засгийн болон зэвсгийн хориг тавьсан билээ. Үүнээс хойш Пхеньян хоригийг цуцлах, АНУ-тай албан ёсны энхийн хэлэлцээр байгуулах зэрэг асуудлыг зургаан талт хэлэлцээрт эргэн ирэх урьдчилсан нөхцөл болгон тавьж байгаа юм. Харин АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт дахин нэгдэх явдлыг Солонгосын хойгт энхийн хэлэлцээр байгуулах болон Пхеньяны олон улсын хамтын нийгэмлэгт эргэн орох урьдчилсан нөхцөл болгоод байгаа юм.

Тайван: “Тайваний мэдэгдсэнээр БНХАУ агаарын хүчний хувьд давамгай болсон байна” мөн “Хятадын сөнөөгч онгоц Тайванийхаас илүү байна: БХЯ”
Defense News, 08 March 2010 & Taipei Times, 09 March 2010

Тайпэй Таймс сонины охин хэвлэл болох Хятад хэлээр хэвлэгддэг Эрх чөлөө таймс сонин Батлан хамгаалах яамны тайланг олж авсан байна. Уг тайланд БНХАУ-ын агаарын хүчин Тайванийхаас илүү болсныг тэмдэглэсэн бөгөөд уг дүгнэлт нь өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн дүгнэлттэй адил байгаа юм. Тайланд тэмдэглэснээр Тайванчуудын өөрсдөө хийсэн IDF сөнөөгч онгоц, Францад үйлдвэрлэсэн Mirage 2000-5 болон АНУ-д үйлдвэрлэсэн F-5s, F-16A/B зэрэг сөнөөгч онгоцноос зөвхөн F-16A/Bs онгоц нь Хятадын ОХУ-д үйлдвэрлэсэн Su-27s, Su-30s болон Хятадын өөрсдөө хийсэн J-10 онгоцноос ялимгүй давуу талтай байгаа юм. Энэхүү тайлан АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн тайлантай маш төстэй болсон шалтгаан нь Тайпэй F-16C/D сөнөөгч онгоцыг авахаар удаан хөөцөлдсөний эцэст бас нэгэн шинэ оролдлого хийж байж болох юм. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ Тайваньд Эх оронч (Patriot/PAC-3) хамгаалалтын пуужин болон Хар харцага (Black Hawk) нисдэг тэрэг худалдсаны үр дүнд Америк Хятадын харилцаа муудсан учир АНУ ийм богино хугацаанд дахин Бээжингийн дургуйцлыг хүргэх алхам хийхгүй биз ээ.

АНУ: “Хэлэлцүүлгийн үр дүнд хоёр дайн зэрэг явуулах цэргийн бүтцийн системыг өөрчлөхөөр болов”
Defense Aerospace, 10 March 2010

АНУ-ын зэвсэгт хүчин 1990-ээд оноос хойш мөрдөгдөж байсан цэргийн бүтцийн системыг өөрчлөхөөр болов. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хоёр өдрийн семинарын үр дүнд АНУ хоёр дайн зэрэг явуулах цэргийн бүтцийг өөрчилж төрөл бүрийн нөхцөл байдалд өргөн хүрээний операци явуулах чадавхтай болно гэж Батлан хамгаалахын дээд албан тушаалтан мэдэгдлээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр бүтцийн өөрчлөлтийн гол зорилго нь өргөн хүрээний болзошгүй аюулыг саармагжуулахад орших юм. Түүнчлэн албаны хүмүүс Гаитид үзүүлсэн тусламжийн ажиллагааг жишээ болгон яриад АНУ-ын зэвсэгт хүчин том хэмжээний мөргөлдөөнд бэлэн байх боловч олон төрлийн уламжлалт бус аюул заналыг саармагжуулахад бас бэлэн байх юм гэж мэдэгдэв.

Энэтхэг / ОХУ: “ОХУ Энэтхэгт цөмийн реактор барихаар болов” мөн “Энэтхэг ОХУ-аас Миг сөнөөгч 29 онгоц худалдан авах гэрээ байгуулав”
Al Jazeera, 12 March 2010 & Defense News, 12 March 2010

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт хийсэн айлчлалынхаа хүрээнд 10 тэрбум ам.долларын өртөг бүхий хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг Энэтхэгийн Засгийн газартай байгуулсан байна. Сүүлийн гэрээний дагуу ОХУ 2012 он гэхэд Зөвлөлтийн үеийн онгоц тээвэрлэгч Адмирал Горшков хүлэг онгоцыг шинээр тоноглосны дараа Энэтхэгт нийлүүлэхээр болсон байна. Мөн В.Путин уг хөлөг онгоц дээр байрлуулах 16 ширхэг Миг-29 сөнөөгч онгоцоос гадна нэмэлт 29 ширхэг Миг-29 сөнөөгч онгоцыг Шинэ Делид худалдахаар тохиролцсон байна. Эдгээр худалдаа нь Москва Шинэ Дели хоорондын стратегийн өргөн хамтын ажиллагааг харуулж байгаа юм. ОХУ Энэтхэгийн цэрэг зэвсгийн 70 хувийг нийлүүлдэг байна. Мөн Энэтхэгт 12 цөмийн реактор барьж өгөхөөр болжээ. Эдгээрээс талыг нь 2017 он гэхэд барьж дуусгах бөгөөд дор хаяж хоёр нь Энэтхэгийн өмнөд муж болох Тамил Надуд баригдах юм.

Хятад: “ПетроЧайна түлш шатахууны хэлэлцээрт гарын үсэг зурав”
Wall Street Journal, 12 March 2010

ПетроЧайна компани Азийн хэд хэдэн түлш боловсруулах үйлдвэрээс бүтээгдэхүүн авах, Сингапурт газрын тос хадгалах, газар дундын тэнгист газрын тос хадгалах зэрэг гэрээнүүд байгуулсан байна. Эдгээр үйл явдал нь ПетроЧайна компани олон улсын зах зээлд өөрийн оролцоог дээшлүүлэх алхам болсон. Гэрээнүүд байгуулсан үнэ өртөг тодорхой бус байгаа ч дэлхийн эрчим хүчний худалдааны маршрутад хувь эзэмшигч болох гэсэн Бээжингийн хэтийн төлөвлөгөөг илэрхийлж байгаа юм. Хятадад дэлхий даяар газрын тосны худалдааны сүлжээ байгуулах хэд хэдэн ашиг сонирхол байгаа. Нэгдүгээрт, газрын тосыг Хятад руу ачих замын зардал их болж ашиггүй болсон тохиолдолд уг газрын тосыг Бхарат Петролиум корпораци, Энэтхэгийн газрын тосны корпораци, Петролимекс, Петрон корпораци болон ПТ Петрамина зэрэг корпорацид худалдаж болно. Хоёрдугаарт, Хятад дэлхийн газрын тосны томоохон нийлүүлэгч болох чадавхыг дээшлүүлнэ. Энэхүү эрмэлзлэлийг ПетроЧайна болон түүний эзэмшигч улсын мэдлийн Хятадын үндэсний газрын тосны корпораци нар хуваалцдаг аж. Уг бодлогын хүрээнд ПетроЧайна Хойд Америк болон Африкийн хэд хэдэн улс орнуудад газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд Вьетнам, Индонези, Филиппин болон Энэтхэг зэрэг оронд үйл ажиллагаагаа тэлж байгаа юм. Гуравдугаарт, эрчим хүчний аюулгүй байдлын зүгээс Хойд Америк болон Европт газрын тос хадгалах нь Хятадын эрчим хүчний нийлүүлэлтийн зовнилыг багасгах юм. Учир нь одоогоор Хятадын газрын тосны импортын дийлэнх хувь нь Малаккагийн хоолойгоор орж ирдэг байна.

Хятад: “БНХАУ Шинжаанд нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ”
Straits Times, 15 March 2010

Хятадын эрх баригчид Шинжаан Уйгарын өөртөө засах оронд оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, үндэстэн ястан хоорондын мөргөлдөөнийг эдийн засгийн аргаар шийдвэрлэх бодлого баримталж байна. Хөрөнгө оруулалтын тоо хэмжээний талаар нарийн мэдэгдээгүй ч Шинжааны коммунист намын нарийн бичгийн дарга Ван Ли Чуан мэдэгдэхдээ “төв Засгийн газрын Шинжааны асуудлаар таван сард зохион байгуулах хурлаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ” гэлээ. Шинжаанд өнгөрсөн оны долдугаар сард олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал газар авсан билээ. Тэрээр асуудлыг шийдвэрлэх шилдэг арга нь тус бүс нутагт хөрөнгө оруулалтыг ихэсгэж нийгмийн асуудлыг шийдвэрлэн, иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино гэжээ. Шинжааны стратегийн чухал ач холбогдлыг харгалзваас (найман улстай хиллэдэг, Хятадын эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг) уг хөрөнгө оруулалт нь иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэхээсээ Бээжингийн эдийн засгийн ашиг сонирхолтой хамаатай бололтой гэсэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Ази Номхон далай: “Ази Номхон далайн улс орнуудад хэд хэдэн газар хөдлөлт болов” Xinhua, 15 March 2010 Ази Номхон далайн бүс нутагт хэд хэдэн газар хөдлөлт өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. Эдгээр газар хөдлөлтийн улмаас олон нийтийн дунд хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт томоохон хэмжээний газар хөдлөлт эсвэл 2004 оны адил цунами болж магадгүй гэсэн айдас төрөөд байгаа юм. Японы зүүн хойд хэсэгт 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн ням гаригт болсон хэдий ч газар хөдлөлтийн төв цэг нь эрэг орчмоос 40 км зайтай байсан тул гарз хохирол бага гарчээ. Уг газар хөдлөлтийн чичиргээ Токио хот болон ойр орчмын хот суурин газрын ихэнх хүмүүст мэдрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлт нь сүүлийн хоёр өдөрт болсон хоёр дахь газар хөдлөлт юм. Эхний газар хөдлөлт урьд өдөр нь 5.7 баллын хүчтэй болжээ. Мөн ням гаригт долоон баллын хүчтэй газар хөдлөлт Индонезийн зүүн хэсэгт болсон. Гэхдээ газар хөдлөлтийн төв цэг далайн ёроолын 130 км гүнд болсон учир нөлөөг нь багасгасан аж. Өмнөх өдөр нь зургаан баллын хүчтэй газар хөдлөлт Папау орчим болсон юм. Мөн Шинэ Зеландын Өмнөд арлын Фиорланд орчим ням гаригт таван баллын хүчтэй, бямба гаригт Бурмад 5.4 баллын газар хөдлөлт болжээ. Эдгээр тохиолдлуудын ойр ойрхон давтамж болон Гайти болон Чилид болсон том газар хөдлөлтүүдээс үүдэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч буй хүмүүс удахгүй том хэмжээний газар хөдлөлт болно гэх айдастай амьдрахад хүргээд байгаа юм. Сейсмологчид үүнийг үгүйсгэсэн бөгөөд жижиг газар хөдлөлтүүд ойр ойрхон болох нь том хэмжээний газар хөдлөлт удахгүй болно гэсэн үндэслэл биш гэж мэдэгдэв.

Аргентин / Хятад: “Хятадын газрын тосны компани Аргентины группын 50 хувийг худалдаж авахаар болов”
BBC News, 15 March 2010

Хятадын газрын тосны хэрэглээ улам ихээр нэмэгдэж байгаа энэ үед Хятадын үндэсний хилийн чанд дахь газрын тосны корпораци (CNOOC) Аргентины газрын тос болон байгалийн хийн Бридас корпорацын 50 хувийг 3.1 тэрбум ам.доллараар худалдан авсан байна. Бридас корпораци нь Аргентин, Болив, Чили зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 636 баррель нефтын нөөцтэй юм. Тус корпораци нь Пан Америкийн эрчим хүчний компанийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 60 хувийг Их Британийн БП (BP) групп эзэмшдэг юм байна. Хятадын үндэсний хилийн чанд дахь газрын тосны корпораци (CNOOC) нь гадаадад газрын тосны хайгуул хийдэг хамгийн том корпораци бөгөөд дээрх хэлэлцээрийг энэ жилийн эцсээр байгуулахаар зорьж байгаа юм.

Украин: “Украин НАТО-гийн санаархлыг зогсоох хууль батлах гэж байна”
Seattle Post-Intelligencer, 16 March 2010

Өнөөдөр Украины Засгийн газар тус улсыг аливаа цэргийн холбоонд элсэхийг хориглосон хууль батлах гэж байгаа талаар мэдэгдсэн байна. Үнэн хэрэгтээ уг хууль нь НАТО-гийн тэлэлтийг зогсоох зорилготой юм. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Янукович мэдэгдэхдээ уг хууль Украины аливаа холбоонд элсэхгүй дундыг барьсан бодлогыг хуульчилна гэв. Янукович анх барууны орнууд болон ОХУ-ын хооронд төвийг сахисан бодлого баримтална гэж мэдэгдэж байсан боловч түүний Москвагийн талыг баримтлах хандлага илт мэдэгдэж байгаа юм. Шинжээчид ч түүнийг ийм бодлого явуулах байх гэж үзэж байсан. Хууль батлагдвал Гүржийн НАТО-д элсэх асуудлыг ч хөндөж болох юм. Учир нь НАТО-гийн зүгээс Хар тэнгист тэлэх төлөвлөгөөгөө дахин харах хэрэгтэй болох билээ.

Киргиз: “Киргиз АНУ-ын тусламжаар терроризмтай тэмцэх сургалтын бааз байгуулах талаар мэдэгдэв” мөн “Киргиз АНУ-ын цэргийн сургуулийн бааз барих төлөвлөгөөгөө дэлгэв”
Xinhua, 17 March 2010 & Seattle Post-Intelligencer, 17 March 2010

Киргизийн Засгийн газар АНУ-ын цэргийн сургуулийн баазыг тус улсын өмнөд хэсэгт байгуулах талаар мэдэгдэл хийв. Тус баазыг Баткен хотод байгуулах бөгөөд цэргийн хуаран, хоолны өрөө, хичээлийн танхим, мөн довтолгооны сургалт явуулах талбай зэргээс бүрдэх юм. Дээрх баазад Киргизийн тусгай албаны цэргүүдийг бэлтгэнэ хэмээн мэдэгдэж байгаа боловч уг баазыг АНУ бүс нутгийн тулгуур бааз болгон ашиглаж магадгүй юм. АНУ Манас хотод агаарын нисэх хүчний бааз эзэмшдэг бөгөөд Вашингтон уг баазын түрээсээ гурав дахин нэмж төлөхөөр амлан байж түрээсийн гэрээгээ сунгасан байна. Шинжээчид уг үйл явдлыг Киргиз ОХУ болон БНХАУ-аас хөндийрч АНУ-тай ойр байх эрмэлзлэлын шинж тэмдэг хэмээн үзэж байгаа юм. ОХУ болон БНХАУ дундад Азид өөрийн нөлөөгөө бие болгох хүсэлтэй билээ.

Хятад: “Өмнөд Хятадад ган үргэлжилж ургац аюулд өртөөд байна”
Seattle Post-Intelligencer, 18 March 2010

Хятадын албаны хэвлэл, мэдээлэл тус улсын өмнөд бүс нутагт ойрын жилүүдэд болж байгаагүй ган нүүрлэж ус болон хүнсний нөөцийн гачигдал тулгараад байна хэмээн мэдээлэв. Тус бүс нутагт 20 сая орчим хүн амьдардаг бөгөөд олон нийтийг хамарсан үймээн, самуун гарах магадлал өндөр байгаа юм. Ганд ихээр нэрвэгдсэн бүс нутагт Юнань, Гуйжоу, Сычуань муж, Гуанси өөртөө засах орон болон Чунцинь зэрэг хот суурин газрууд орсон байна. Эдгээр бүс нутгийн захирагч нар ундны ус гаргаж авахын тулд улам гүн ухаж худаг гаргах болсон ба үүл буудан бороо оруулж байгаа юм байна. Хаврын үр суулгах улирал эхэлж байгаа тул нөхцөл байдал улам ноцтой болж байгаа юм. Хэрвээ ган энэ хэвээр үргэлжилбэл ургац болон мал аж ахуйн их хэмжээний хохирол учирна гэж шинжээчид үзэж байна.

Хойд Солонгос: “Хойд Солонгосын мөнгөний шинэтгэл явуулсан албан тушаалтан цаазлуулав”
Monsters & Critics, 18 March 2010

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын мөнгөний шинэтгэл явуулсан албан тушаалтан цаазлуулсан байна. Пак Намийн явуулсан шинэтгэлийн бодлого ядуурал нүүрлэсэн тус улсад тогтворгүй байдал болон хүнсний хомсдлыг улам хурцатгасан байна. Эрх баригч хөдөлмөрийн нам Пак Намгийг зориуд улс орны эдийн засгийг унагах оролдлого хийсэн гэж буруутгасан байна. Инфляци бууруулах зорилгоор 2009 оны 11 дүгээр сард хүчин төгөлдөр болсон уг төлөвлөгөөний дагуу Хойд Солонгосын мөнгөн дэвсгэртийн ханшийг 100 дахин багасгасан бөгөөд гадаад валют ашиглахыг хориглож ард иргэдийг 24 цагийн дотор бүх хуучин дэвсгэртээ шинэ болгон солихыг шаардсан байна. Гэвч Хойд Солонгосын төв банк гэр бүл тутамд 690 ам.доллартай тэнцэхүйц дэвсгэрт солих лимит тулгасан тул олон иргэд ямарч хэрэгцээгүй их хэмжээний хуучин мөнгөн дэвсгэрттэй хоцорсон байна. Энэхүү гайтай шинэчлэлтийн хор хөнөөлийг багасгахын тулд Пхеньян иргэддээ гадаад валют ашиглах болон зах дээр худалдаа наймаа эрхлэх эрхийг эргүүлэн олгосон байна. Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал хариуцсан яам болон тагнуулын алба Пак Намгийн цаазлуулсан мэдээллийг батлаж чадсангүй.

Япон / АНУ: “Японы Засгийн газар АНУ-д Футенмагийн хоёр сонголт санал болгов"
Yomiuri Shimbun, 18 March 2010

Окинава мужийн Жинован хотод байрлах АНУ-ын Футенма нисэх хүчний баазыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар Хатоямагийн Засгийн газар Вашингтонд хоёр санал дэвшүүлсэн байна. Уг баазыг арлын хойд зүгт орших Шваб бааз руу нүүлгэн шилжүүлэх бөгөөд тэндээ шинэ гүүрэн зам барих юм. Эхний саналын дагуу 1500 метрийн гүүрэн замыг (төлөвлөж буй гүүрэн замаас 300 метр богино) Шваб баазид барих юм. Гэхдээ Японы Засгийн газар уг гүүрэн замын газрыг нэхэмжлэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Хоёр дахь саналын дагуу одоогоор ашиглагдаж буй Окинава мужийн Урумад байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн “Цагаан эрэг” баазын гүүрэн замын газрыг Японы Засгийн газар нэхэмжлэх юм. Энэ хоёр санал Окинавагийн ард иргэдийн үзэл бодолд нийцэхгүй байгаа учир аль аль нь Токиогийн хувьд ашиггүй болох магадлалтай билээ. Шваб баазын хувилбар АНУ-ын 2006 оны төлөвлөгөөтөй төстэй учир боломжийн санал хэдий ч Вашингтон Футенмагийн асуудлаар хэлэлцээр хийхгүй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн билээ.

Хятад: “Хятадын элсэн шуурга эрүүл мэндийн түгшүүр зарлахад хүргэв”
Al-Jazeera, 22 March 2010

Бээжин хотын ихэнх газар нутаг өнгөрсөн бямба гарагаас эхлэн элсэн шуурганд автсан байна. Уг элсэн шуурга нь нарийн ширхэгт шар тоосонцор, элс, агаарын бохирдол зэргээс бүрдэж байгаа бөгөөд Хятадын Засгийн газар тавдугаар төвшний сэрэмжлүүлэг зарлахад хүрчээ. Уг сэрэмжлүүлэгт агаарын бохирдлын аюулт үзэгдлийн улмаас ард иргэдийг гадаа гарахгүй байхыг сануулсан байна. Мөн элсэн шуурганы зэрэгцээ Хятадын зүүн өмнөд нутгийн Юнань, Гуйжоу, Сычуань мужид их хэмжээний ган болж байгаа билээ. Уг бүс нутагт жилийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин бага хур тунадас орсон бөгөөд 16 сая орчим ард иргэд усны хомсдолд ороод байгаа юм. Гангын улмаас дөрвөн сая га тариалангийн газар сүйрсэн бөгөөд нийт 2.8 тэрбум ам.долларын хохирол гарсныг тогтоожээ. Бүс нутагт 4000 орчим цэргүүд ундны ус түгээж байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр үйл явдлууд Хятадад нүүрлэж буй байгаль орчны сорилтуудын нэгээхэн хэсэг юм. Ган болон ой модыг замбараагүй тайрснаас болж Хятадад их хэмжээний цөлжилт нүүрлэж байгаа бөгөөд Хятадын говь 2.6 сая км2 болсон байна. Энэ нь нийт тариалангийн газар нутгаас хоёр дахин их байгаа юм. Хоол болон усны хомсдлын улмаас улс төр, нийгмийн тогтворгүй байдал болон өлсгөлөн хүртэл нүүрлэж болох юм. Эдгээр нь төр болон эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах хүчин зүйл болж магадгүй билээ.

Хойд Солонгос: “Хойд Солонгос АНУ-ын иргэнийг шүүхээр болов
Monsters & Critics, 22 March 2010

Хойд Солонгост хууль бусаар нэвтэрсэн Америкийн иргэн Айжалон Махли Гомесыг шүүхээр болсон тухай Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. Гомес өнгөрсөн нэг сард баривчлагдсан бөгөөд Пхьенян болон Вашингтоны зүгээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй юм. Коммунист дэглэмт уг улсад Америкийн иргэд баривчлагдсан хамгийн сүүлийн жишээ энэ юм. Шашны номлогч Роберт Парк Хойд Солонгосын хүний эрхийн асуудалд олон улсын анхаарлыг хандуулах үүднээс тус улсад хууль бусаар 2009 оны 12 дугаар сард нэвтэрч баривчлагдсан. Тэрээр хэргээ хүлээж уучлал хүссэний дараа суллагдсан билээ. 2009 оны гурав дугаар сард Америкийн хоёр сэтгүүлч Хятад, Хойд Солонгосын хил дээр баривчлагдан 12 жилийн хүнд хөдөлмөрийн ял авсан юм. Тэдгээрийг АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Билл Клинтон Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ирийг ятгасаны эцэст сулласан билээ.

Япон: “Японд сөнөөгч онгоц нийлүүлэх өрсөлдөөн өрнөж байна”
Defense News, 22 March 2010

Япон улс шинэ F-X сөнөөгч онгоц нийлүүлэх уралдааныг зарлахаар болсон байна. Онгоц нийлүүлэх саналыг ирэх сараас эхлэн авах бөгөөд энэ жил шийдвэрт хүрвэл 2015 он гэхэд онгоцоо авж эхлэх юм байна. Энэхүү F-X хөтөлбөр улс төрийн маргаан, нийлүүлэлтийн хэрүүл шуугиан, АНУ-аас F-22 онгоцыг авах магадлал зэрэг асуудлуудаас үүдэн хойшлогдоод байсан билээ. Гэвч санхүүгийн асуудал хойшлох болсон гол шалтгаан байв. Учир нь Токио ердөө 40-50 ширхэг онгоц худалдаж авах болохоор дотооддоо үйлдвэрлэх нь ашиггүй гэж тооцоолсон бөгөөд хэсгүүдийг патентлах ч маш үнэтэй болох байв. Онгоц нийлүүлэх өрсөлдөөнд Еврофайтерын Тайфун, Боингийн F/A-18E/F, Локхийд Мартины F-35 зэрэг сөнөөгч онгоц оролцож байгаа билээ.

Афганистан / Хятад: “Афганистан болон Хятадын Ерөнхийлөгчид худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа”
BBC News, 24 March 2010

Афганистаны эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх үүднээс тус улсын Ерөнхийлөгч Карзай БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Зиньтаогийн хамт худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны гурван гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд сургалтын хөтөлбөр, Афганистаны Хятад руу гаргах экспортын татвар зэрэг зүйлүүдийг тусгасан байна. Дээрх хоёр улсын худалдааны эргэлт 2008 онд 115 сая ам. долларт хүрсэн юм. Карзай Афганистанд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компани болон ажилчдын аюулгүй байдлыг хангах амлалт өгсөн бол Ху Жинтао Афганистаныг сэргээн босгох ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ дахин мэдэгджээ. Хоёр Ерөнхийлөгч терроризм, салан тусгаарлагчид болон шашны хэт даврагчидтай тууштай тэмцэх талаар мэдэгдэл хийсэн аж. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр хэлэлцээрийн ач холбогдол нь Хятадын хувьд цаашдаа Афганистаны ашигт малтмалын нөөцийг ашиглах гэрээ хэлэлцээр байгуулахад суурь болох юм. 2007 онд нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Афганистаны Айнакын зэсийн ордыг олборлох тендерт Хятадын компани ялсан билээ. Уг компани дээрх төсөлд нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан байна.

Япон: “Япон эдийн засгаа дэмжих үүднээс нэг триллион ам.долларын төсөв батлав”
New York Times, 24 March 2010

Стандарт энд Поор (Standard & Poor)-хөрөнгө оруулалт, санхүүгийн үнэлгээ хийдэг олон улсын компани-Японы бондын үнэлгээний хэтийн төлөвийг сайшаагаагүй хэдий ч өнгөрсөн лхагва гаригт Токио түүхэндээ хамгийн том төсвөө (1 триллион ам. доллар) баталсан байна. Дээд амжилт тогтоосон уг төсөвт эдийн засгийг дэмжих стимулус болон бага насны хүүхэдтэй фермер гэр бүлд олгох тэтгэмж зэрэг багтсан байна. Ирэх зун сонгууль болох бөгөөд эрх баригч Ардчилсан нам дээд танхимд ялалт байгуулахын тулд эвсэлийн холбоотон болох Социал-Демократ нам, Ардын шинэ намуудыг тайвшруулах хэрэгтэй байгаа юм. Дээрх намууд Хатояамагийн Засгийн газрын эдийн засгийн болон Футенмагийн нисэх хүчний баазыг нүүлгэн шилжүүлэх зэрэг бодлогыг буруушаасан. Токио төсвийг санхүүжүүлэх болон татварын алдагдлыг нөхөх үүднээс 474 тэрбум ам. долларыг бондын хэлбэрээр гаргах аж. Японы дотоодын нийт бүтээгдэхүүн өрийн харьцаа, дэлхийн хамгийн их буюу 200 хувьтай байгаа юм. Хэдийгээр Засгийн газрын өрийн дийлэнх хувь нь дотоодынх байгаа боловч Японы хөгширч буй хүн ам тэтгэвэртээ гарахын тулд бондоо бэлэн мөнгө болгож эхэлмэгц энэ байдал хүндрэлтэй болох талтай билээ.

Хятад: “БЖ (BG) групп Хятадын газрын тосны корпорацитай байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан байна”
Wall Street Journal, 25 March 2010

БНХАУ Австралийн эрчим хүчний хоёр томоохон компанийг энэ долоо хоногт худалдан авсан байна. Өнгөрсөн даваа гаригт ПетроЧайна болон Рояал Датч Шелл хамтран 3.15 тэрбум ам.доллараар Арроу Энержи компанийг худалдан авсан байна. Арроу Энержи компани нь шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэгч юм. Мөн Хятадын үндэсний хилийн чанд дахь газрын тосны корпораци (CNOOC) Английн BG группын Квинсланд дахь үйл ажиллагаанаас 20 жилийн турш жил бүр 3.6 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авах гэрээ байгуулсан талаар зарласан байна. Өнгөрсөн жил ЭксонМобиль болон ПетроЧайна 2.25 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий авах гэрээ байгуулсан бөгөөд эдгээр нь Хятадын өдөр бүр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг харуулж байгаа юм. Шингэрүүлсэн байгалийн хийг ашиглах сонирхол нэмэгдэж буй шалтгаан нь энгийн байгалийн хийн нөөц багасаж байгаатай холбоотой. Мөн шингэрүүлсэн байгалийн хийнд хортой, шатамхай газ байдаггүй бөгөөд хүлэмжийн хий ч байдаггүй юм байна. Тиймээс Хятадын одоогийн эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрсээс уг хий нь байгаль орчинд хамаагүй ээлтэй юм.

Хятад: “Хятад Гүүгл компанийн үйлдэлд дургүйцлээ илэрхийлж байна”, “Гүүгл Хятадаас гарахаар боллоо” мөн “Хятад Гүүгл хоорондын зөрчилдөөн хурцдаж байна”
Al-Jazeera, 24 March 2010 & Guardian, 23 March 2010 & al-Jazeera, 25 March 2010

АНУ-ын Гүүгл (Google) компани Хятадын эх газрын интернэтийн хайлтын вэб хуудсаа хааж хайлтын үр дүнг шүүн хянах явдлаа зогсоосон байна. Хятадын Засгийн газар улс төр болон ёс суртахууны хувьд тохиромжгүй хэмээн үзсэн вэб хуудсуудыг хаах хуультай билээ. Гүүгл компани уг хуулийг эсэргүүцдэг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард тус компани болон Хятадын Засгийн газрын хооронд дээрх асуудлаас үүдэн зөрчилдөөн эхэлсэн юм. Мөн Гүүгл компанийн и-мэйл үйлчилгээг ашигладаг Хятадын улс төрийн идэвхтэн нарын и-мэйл дансанд Бээжин хууль бусаар нэвтэрсэн гэж Гүүгл буруутгасан. Хятадын эх газрын Google.cn вэб хуудас хаагдсан учир бүх хайлтын үр дүнг Хонг Конг дахь Google.com.hk вэб хуудас руу хандуулах болсон байна. Энэ нь Бээжингийн хувьд түвэгтэй асуудал билээ. Учир нь Хонг Конг-д Хятадын интернэтийн цензурын хууль үйлчилдэггүй. Хариуд нь Хятад Гүүглийн хайлтын системийг бүр мөсөн хаах эсвэл Ютүб (YouTube), Фэйсбүк (Facebook), Твиттер (Twitter) зэрэг вэб сайтад тавьдаг хатуу шаардлагыг тавих аж. Юутай ч эдгээр үйл явдлын үр дүнд АНУ-ын домэйн нэр олгодог хоёр компани Хятадын эх газарт үйл ажиллагаагаа зогсоосон байна. Гоу Дэдди (Go Daddy) болон Нэтворк Солушн (Network Solutions) компаниуд Хятадын интернэтийн хуулийг шүүмжилсэн бөгөөд Хятадын Засгийн газрыг системд нь хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгасан. Эдгээр хоёр компанийг Гүүгл компанитай харьцуулбал Хятадын интернэтийн зах зээлд бага хувь эзэмшдэг хэдий ч дээрх үйл явдлууд орчин үед цахим ертөнцийн асуудлууд хүний эрх, олон улсын харилцаа, тэр тусмаа улс хоорондын болон улс дамнасан корпорациудын харилцаанд хэрхэн нөлөөлөх болсныг харуулж байгаа юм.

Хятад: “Хятад Рио Тинтогийн ажилтнуудыг хорив” мөн “Рио Тинтогийн ажилтнууд 14 жил хүртэл ял сонсов”
Al-Jazeera, 29 March 2010 & Associated Press, 29 March 2010

Шанхай хотын шүүх Англи-Австралийн хамтарсан уул уурхайн Рио Тинто компанийн дөрвөн ажилтанд авлига авсан болон худалдааны нууц хулгайлсан хэрэгт ял сонсгон хорихоор болсон байна. Гурван эрэгтэй ажилтан Хятад улс болон гаднын хүдэр нийлүүлэгч компаниудын хэлэлцээрийн үед 557 мянгаас 11 сая хүртэл ам.долларын авлига төмрийн үйлдвэрийн эздээс 2008-2009 оны хооронд авснаа хүлээсэн байна. Австралийн иргэн Рио Тинтогийн Шанхай дахь салбарын захирал Стерн Ху 10 жил, үлдсэн гурван ажилтан 7-14 жилийн ял авсан байна. 14 жилийн ял авсан Ван Юн Хятадын Рыжао төмөрлөгийн компаниас есөн сая ам.долларын авлига авсан хэрэгт яллагджээ. Рыжао компани улсын хяналтад байдаг үнийн зохицуулалтыг тойрч гарахын тулд гадаадын нийлүүлэгчтэй хэлэлцээр байгуулахыг хүссэн байна. Авлига өгөгч тал гэмт хэрэгт татагдсан эсэх талаар мэдээлэл байхгүй байгаа юм. Рио Тинто эхэндээ ажилтнуудаа ширүүн хамгаалж байсан хэдий ч шүүх хуралд тэдгээрийг авлига авсан баттай баримт дэлгэсний дараа тэмцлээ зогсоосон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр үйл явдал Хятадын эрх баригчид гадаадын бизнес, компанид хатуу хяналт тавьж байгааг харуулж байна гэв.

ОХУ: “Москвагийн метрод дэлбэрсэн бөмбөг 39 хүний амийг авч одов”, “ОХУ террористуудыг устгана гэж тангараглаж байна” мөн “Москвагийн метрод болсон дэлбэрэлтэд Чеченийн бэлэвсэн эмэгтэйчүүдийг буруутгаж байна”
Reuters, 30 March 2010 & al-Jazeera, 30 March 2010 & Guardian, 29 March 2010

Амиа золиослогч хоёр эмэгтэй өнгөрсөн даваа гаригт Москвагийн метрод биендээ бэхэлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлснээр, 39 хүн амиа алдаж, 71 хүн шархдсан байна. Шархдсан хүмүүсээс тав нь биеийн байдал хүнд байгаа юм. Эдгээр зохион байгуулалттай хийсэн хоёр дэлбэрэлт Москва хотын төв хэсэгт болсон юм. Эхний дэлбэрэлт Холбооны аюулгүй байдлын товчооны дэргэдэх Лубянка метроны буудалд, хоёр дахь нь Парк культурь буудалд болсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар амиа золиослогч хоёр эмэгтэй бүсэндээ тэсрэх бодис болон төмөр хэлтэрхийнүүд хийж дэлбэрэлтийн нөлөөг ихэсгэжээ. Москвагийн метрогоор өдөртөө 5.5 сая хүн үйлчлүүлдэг аж. ОХУ-ын эрх баригчид уг хэрэгт Чечены салан тусгаарлагчдыг буруутгасан байна. Чечены салан тусгаарлагчид ОХУ-ын өмнөд хил орчимоор орших мусульман иргэдийн тусгаар тогтнолын төлөө тэмцдэг билээ. Зарим эх сурвалжын дагуу амиа золиослогч хоёр эмэгтэй Чечены салан тусгаарлагчдын элсүүлдэг “Хар бэлэвсэн эмэгтэйчүүд” хэмээх бүлэглэлийн гишүүд байж магадгүй. Терроризмын шинжээчдийн үзэж байгаагаар гэр бүлийнхээ хүнийг алдсан эмэгтэйчүүд өшөө хорсол, үзэл суртлын хэт туйлшралт болон уй гашууны улмаас амиа золиослох эсвэл хүн барьцаалах хэрэгт холбогддог байна. Москвагийн театрын алан хядах үйл ажиллагааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар хувцастай тэсрэх бөмбөгтэй хантааз өмссөн эмэгтэйчүүдийн зургийг дүрсэнд буулгасан тэр үеэс хойш “Хар бэлэвсэн эмэгтэйчүүд” Чечены салан тусгаарлах үйл ажиллагааны онцлог дүр төрх болсон юм. 2002 оны аравдугаар сард болсон Москвагийн театрын алан хядах ажиллагааны үеэр 129 хүн амиа алдсан билээ. Аюулгүй байдлын шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ Москвагийн метроны хэрэг явдал Чечены салан тусгаарлагчидтай холбоотой нь тогтоогдвол Москвагийн зүгээс хариугаа ширүүн авч, хойд Кавказын нутгаар ойрын хугацаанд байдал хурцдах магадлалтай юм. Энэ нь Москвагийн догшин мэдэгдлээр батлагдаж байна. Ерөнхий сайд В.Путин хэлэхдээ “террористуудыг устгах болно” гэв. Харин Ерөнхийлөгч Д.Медведев “алуурчид араатан шиг л байна, бид тэд нарыг бүгдийг нь олж устгах болно” гэв. Түүнчлэн Москвагаас 2009 онд мэдэгдсэнээр бол Кавказын мөргөлдөөны улмаас өнгөрсөн 15 жилд 100 мянга гаруй хүн амиа алдсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Санкт Петербург хотоос Москвагийн чиглэлд явж байсан галт тэргийн дэлбэрэлтийг Чечены салан тусгаарлагчид үйлдснээ хүлээсэн билээ. Энэ хэрэг болон дээрх метроны дэлбэрэлт зэргээс авч үзэхэд ОХУ-д салан тусгаарлагчидтай холбоотой хүчирхийлэл улам газар авч байгаа юм.

ОХУ: “ОХУ болон ОУАЭА цөмийн түлшний хэлэлцээрт гарын үсэг зурлаа”
Khaleej Times, 29 March 2010

ОХУ-ын төрийн өмчийн РосАтом компанийн захирал Сергей Кириенко ОУАЭА-ын тэргүүн Юкия Аманотай цөмийн түлшний хэлэлцээрт өнгөрсөн даваа гаригт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн дагуу Сибирийн нутагт цөмийн түлшний төв байгуулах юм. Улс орнууд ОУАЭА-руу хүсэлт гаргаж, уг хүсэлтийг ОХУ-д уламжилсны дараа ОХУ тухайн улсад түлш нийлүүлэх юм. Ирэх зун гэхэд тус төв ОУАЭА-ын аюулгүйн ажиллагааны дүрмийн дагуу ОУАЭА хяналт дор үйл ажиллагаа явуулах бөгөөд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг сахин мөрдөх аж. Тус төв 120 тонн бага агууламжийн баяжуулсан ураны нөөцтэй байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд нөөцийн 30 хувь жилийн сүүлээр бэлэн болох юм. Цөмийн түлшний нөөц бүрдүүлэх бүх зардлыг ОХУ гаргаж байна. Энэхүү санаачлагыг өнгөрсөн 11 дүгээр сард ОУАЭА баталсан бөгөөд дэлхийн тэргүүлэх цөмийн их гүрнүүд дэмжсэн билээ.


ТҮҮВЭРЛЭН ЭМХТГЭСЭН Д.МЯГМАР 
ОРЧУУЛСАН З.ТЭЛМҮҮН

No comments:

Post a Comment