Monday, December 10, 2012

ОХУ-ЫН ШУА-ИЙН УРАЛЫН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ССХ-Д ЗОЧИЛЛОО

ОХУ-ын ШУА-ийн Уралын салбарын Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, академич А.И.Татаркин, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Е.А.Захарчук, тус хүрээлэнгийн Курган дахь салбарын захирал, доктор Е.В.Пилипенко, докторант К.П.Гринюк нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Стратегийн судалгааны хүрээлэнд энэ оны 11 дүгээр сарын 8-13-нд зочиллоо.
Энэ айлчлал нь ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Уралын салбарын Эдийн засгийн хүрээлэнгийн Курган дахь салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд болж байгаа юм. Эдгээр хүрээлэнгүүд ОХУ-ын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан болон Монгол Улсын БСШУЯ-наас хамтран зохион байгуулсан уралдаант шалгаруулалтад “Мэдлэгийн эдийн засаг” сэдвээр шалгарсан аж. Айлчлалын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулан явуулав.

ССХ-ийн захирал төлөлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ҮАБЗ-ийн ССХ-ийн захирал, доктор Д.Ганбат ОХУ-ын ШУА-ийн Уралын салбарын Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, академич А.И.Татаркин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 9-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцов.
Улмаар тус хүрээлэн дээр “Мэдлэгт суурилсан эдийн засаг-Оросын үзэл бодол” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулав. Энэхүү дугуй ширээний уулзалтад ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгчид болон ҮАБЗ-ийн Ажлын алба, ШУА, Сангийн Яам, Үндэсний Хөгжлийн Шинэтгэлийн хороо, БСШУЯ, ШУТИС, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид уригдан оролцов.
ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгчид дэлхийн санхүү эдийн засгийн хямралын шалтгаан, сургамжийн асуудал, мэдлэгт суурилсан эдийн засгийн категорийн тогтолцоо, мэдлэгийн эдийн засаг нь үйлдвэрийн хувьсал хөгжлийн зүй тогтолт үе шат болох, аж үйлдвэрийг мэдлэгт суурилсан эдийн засгийн нөхцөлд хөгжүүлэхэд шилжих шилжилтийн үйл явцад төрийн гүйцэтгэх үүргийн тухай зэрэг илтгэл тавьж, уулзалтад оролцогсод харилцан санал бодлоо солилцлоо.

Дугуй ширээний ярилцлага болов

ШУА-ийн Ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин ОХУ-ын ШУА-ийн Уралын салбарын Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, академич А.И.Татаркин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар ОХУ-ын ШУА-ийн Уралын салбар, Монгол Улсын ШУА-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцов.

Эл өдөр ССХ Оросын ШУА-ийн Уралын салбарын Эдийн засгийн хүрээлэнтэй хамтарч “Мэдлэгийн эдийн засаг-Оросын үзэл бодол” дугуй ширээний ярилцлагыг ШУА-д хийсэн юм. Уг дугуй ширээний ярилцлагад ШУА-ийн харъяа зургаан хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Технологийн инкубаторын төв болон ҮХШХ зэрэг байгууллагын 30 гаруй эрдэмтэн багш, судлаачид, мэргэжилтнүүд оролцлоо. Дугуй ширээний ярилцлагад “Нийгэм–эдийн засгийн хөгжил дэх шинэчлэл ба түүний үүрэг”, “Мэдлэгийн эдийн засаг уу, эсвэл шинэтгэлийн эдийн засаг уу”, “Мэдлэгийн эдийн засаг-үйлдвэрийн хувьсал хөгжлийн зүй тогтолт үе шат мөн” гэсэн илтгэлийг хэлэлцүүлж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, санал солилцов.

Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа

Стратегийн Судалгааны Хүрээлэн, ШУТИС-ийн Шинжлэх ухаан Технологи Инновацийн газар, Компьютерийн техник Менежментийн сургууль хамтран “Мэдлэгт суурилсан эдийн засаг-Монгол Улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 11-нд зохион байгууллаа. Бага хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид 20 гаруй илтгэлээ тавьж хэлэлцүүллээ.

Төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Уралын салбарын Эдийн Засгийн Хүрээлэн Монгол Улсын ШУА, Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

No comments:

Post a Comment