Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадоржийн урилгаар айлчилж буй Турк улсын Гадаад хэргийн яамны Стратегийн судалгааны төвийн захирал Бүлэнт Карадэниз тэргүүтэй төлөөлөгчид
2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус хүрээлэнгийн судлаач, шинжээчидтэй уулзаж, хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Туркийн төлөөлөгчид Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус болон Улаанбаатар хотноо байгуулагдсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн талаар сонирхов.
Турк улс энэ оны 6 дугаар сард тус улсын Стамбул хотноо СИКА-ын (Азид харилцан ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний бага хурал) 3 дугаар чуулганыг зохион байгуулж, тус байгууллагыг даргалах эрхийг Казакстанаас хоёр жилийн хугацаатай хүлээн авч байгаа юм.
СИКА нь Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар Ази тивийн улс орнуудын хамтын аюулгүй байдлын орчинг зөвшилцлийн замаар бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүнээр элсэн бүс нутагт аюулгүй байдлыг хангах талаар гаргаж буй хүчин чармайлтад нь тодрохой хувь нэмрээ оруулахыг эрхэмлэж ирсэн.
Энэ удаагийн айлчлал нь хүрээлэнгүүдийн хооронд 2009 оны 12 дугаар сард харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны дараах анхны айлчлал бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хамтарсан судалгаа шинжилгээний ажил явуулах талаар хэлэлцэж тохиролцсоноор онцлог юм.
No comments:
Post a Comment