Wednesday, December 12, 2012

МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн өөрийн веб сайтаа шинэчлэн Та бүхний анхааралд толилуулж байна.

Стратегийн судалгааны хүрээлэн Батлан хамгаалах яамны дэргэд анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, Ази, Номхон далай, Зүүн хойд Азийн цэрэг улс төрийн байдлын судалгааг эрхэлж ирсэн түүхтэй. Тус хүрээлэн 2006 оноос Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн харъяанд шилжснээс хойш бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжиж, уламжлалт аюулгүй байдлын судалгааны зэрэгцээ эдийн засаг, нийгэм, байгаль орчин зэрэг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үндсэн хэсгийг хамарсан дотоодын аюулгүй байдлын өргөн цар хүрээтэй судалгаа, шинжилгээний ажил хийх үүрэг хүлээх боллоо.
Өнөөдөр Стратегийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааны эрхэм зорилго нь үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, улс орны хөгжлийн стратегийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад бодитой дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад стратегийн судалгааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эерэг, сөрөг хүчин зүйлсийг цогцоор тодорхойлоход оролцох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангах, стратегийн судалгааны чиглэлээр тусгайлсан сургалт явуулах нь хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юм.
Манай веб сайтад зочилсноор Стратегийн судалгааны хүрээлэнгийн түүх, үйл ажиллагаа, аюулгүй байдлын судалгааны тухай мэдээлэл, хүрээлэнгээс эрхлэн гаргадаг сэтгүүл, ном, товхимол болон шинжээчдийн эрдэм шинжилгээний ажил, илтгэл, өгүүлэлүүдтэй танилцах өргөн бололцоо та бүхний өмнө нээгдэж байна. Мөн тус хүрээлэнгийн гадаад харилцаа, гадаад орнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ижил төрлийн байгууллагуудтай тогтоосон ажил төрлийн харилцаа холбоо, хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, сургалт семинар, хамтарсан судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Танд хүргэх болно.
Манай веб сайтын талаар санал бодлоо хуваалцаж бидэнтэй үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэнэ.
СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

No comments:

Post a Comment