Wednesday, December 12, 2012

ОЛОН УЛСЫН ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ /2010 ОНЫ 1 ДҮГЭЭР САР/

Энэтхэг-Хятадын харилцаа: Аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.
Defense News, 07 January 2010

Энэтхэгийн Батлан хамгаалах төрийн нарийн бичгийн дарга Прадип Кумар Бээжинд айлчилж ХАЧА-ийн Жанжин штабын орлогч дарга Ми Сяотяньтай хоёр талын аюулгүй байдлын “эмзэг” чухал асуудлуудаар яриа хэлцээ хийсэн байна.
Тухайлбал, Хятад улс Энэтхэгийн далайд тэнгисийн цэргийн хүч, цэргийн зардлаа эрс нэмэгдүүлж буй, мөн хоёр орны хил орчмын газар нутгийн маргаантай хэвээр байгаа асуудлуудын талаар ярилцжээ. БНХАУ Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн 92 000 хавтгай дөрвөлжин км газар нутгийг “эргүүлж авахыг шаардаж” байгаа нь маргаан бүхий дэлхийн хамгийн урт хилийн шугам (4 056 км) болж байна.

Япон-АНУ: Япон Америк цэргийг болгоомжгүй машин жолоодсоноос осол гаргасан хэмээн буруутгаж байна.
Xinhua, 07 January 2010

Японы засгийн газар болгоомжгүйгээр машин жолоодож явснаас хүний амь хохироосон хэргээр АНУ-ын цэрэг Клайд Ганныг буруутгасан байна. Окинава мужийн Йомитон дахь Төрийн холбооны цэргийн ангийн ногоон малгайтны түрүүч, 27 настай Ганн өнгөрсөн 11 дүгээр сарын 7-нд 66 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэгтээ буруутгагдаж байгаа юм. Энэ хэрэг явдал Японы ардчилсан намын толгойлсон шинэ засгийн газар Окинавагаас Америкийн цэргийн баазыг гаргах талаар яриа хэлцээ хийж байх үед гарсан бөгөөд Окинавад 12 дугаар сард Ганныг баривчлах талаар олон нийт шаардаж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан болсон юм. Америкийн цэргийн албан хаагчдаас гэмт хэрэгт холбогдох явдал гарч буй нь Окинава арал дээр Америкийн цэргийн бааз байрлахын эсрэг нутгийн оршин суугчдын дургүйцлийг дэвэргэж, цэргийн баазыг гаргах бодлого барьдаг ЯАН-ыг өнгөрсөн жилийн сонгуульд ялах сайн хөзөр болжээ.

Японы иен, Хятадын юаний ханшны талаарх байр суурь
Wall Street Journal, 07 January 2010

Японы Сангийн шинэ сайд Наото Кан анхны хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэхдээ экспортоос хамааралтай Японы эдийн засагт иений ханш доллартай харьцуулахад сул байх нь тустай учир үүнийг дэмжсэн бодлого баримтална гэсэн нь өмнөх сайдынхаас огт эсрэг байр суурь юм. Түүний үзэж буйгаар иен-долларын хамгийн зохистой харьцаа 95¥ = 1$ байх ажээ. Засгийн газраас эдийн засагт дэмжлэг үзүүлэх хэд хэдэн багц арга хэмжээ авч, төв банк зээлийн хүүг хамгийн доод хэмжээнд барьж буй хэдий ч Японы эдийн засаг хямралаас гараагүй хэвээр байна.
Гэтэл, Хятадын засгийн газарт зөвлөгөө өгдөг Нийгмийн ШУА-ийн судлаач Жан Бин хятадын үндэсний мөнгөн тэмдэгт - юаний ханшийг 10 хувиар өсгөхийг санал болгожээ. Түүнийхээр энэ нь дэлхийн эдийн засгийн хямралаас гарахад БНХАУ-ын оруулах хувь нэмэр болох гэнэ.

Хятадын пуужингаас хамгаалах системийн туршилт амжилттай болов.
Seattle Post-Intelligencer. 11 January 2010

Хятадын засгийн газрын албан эх сурвалж Хятад Улс пуужин эсэргүүцэх систем амжилттай туршсан тухай мэдэгдэв. Энэхүү систем нь газар байрлалтай бөгөөд зөвхөн өөрийгөө хамгаалах зориулалттай, бусад орны эсрэг чиглэгдээгүй болно гэжээ. Албан ёсны мэдэгдэлд чухам ямар систем болохыг тодорхойлоогүй боловч шинжээчид үүнийг Оросын газар-агаар ангиллын SA-20 PMU-2 –ийн сайжруулсан хувилбар, эсвэл хятадын өөрсдийнх нь хийсэн HQ-9 байх гэж таамаглаж байна.

Хятад экспортын хэмжээгээрээ Германыг давж, дэлхийд тэргүүлэх болов.
Economic Times, 10 January 2010 & CBC News, 10 January 2010

Хятадын гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл 2009 онд хятадын нийт экспортын хэмжээ 1.23 их наяд ам. доллар болж, дэлхийн №1 экспортлогч орон Германаас (1,2 их наяд $) давж гарсан байна. Хятадын экспортын жилийн дундаж өсөлт 17,7% болж байна. Дээр нь өнгөрсөн оны 12 дугаар сард хятадын импортын хэмжээ 112,3 тэрбум доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55,9 хувь өссөн үзүүлэлт юм. Гэхдээ хятадын эдийн засгийн өсөлт хотын барилгажуулалтын хэт хөөрөгдөлтэй холбоотой гэсэн болгоомжлол бас байна. Нөгөө талаар, хятадын экспортын хэмжээний өсөлт нь үндэсний валютын ханшийг хүчээр доогуур барьж буйгаас үүдэлтэй гэж өрнөдөд шүүмжилж байгаа билээ. Бээжин энэхүү шүүмжлэлийг эсэргүүцэн юаний ханш өсөх нь дотоодын хөгжилд саадтай гэж үзэн мөнгөний ханш даа өөрчлөлт оруулахаас татгалзаж байдаг.

Хятадад хүйсийн тэнцвэргүй харьцаа нүүрлэж байна.
BBC News, 11 January 2010

Хятадын Нийгмийн ШУА-ийн илтгэлд дурдсанаар тус оронд хүйсийн тэнцвэргүй харьцаа ноцтой асуудал болон гарч ирж байна гэжээ. 2020 он гэхэд Хятадад гэрлэх насны 24 сая эрд эхнэр болох эмэгтэй хүрэлцэхгүй байх тооцоо гарч байна. “Нэг гэр бүл - нэг хүүхэд” бодлогын дагуу эрэгтэй хүүхдийг илүүд үздэг хятадууд хүйсээр ялгаварлан үр хөндүүлдэг явдал ийм үр дагаварт хүргэж байгаа аж. Одоо Хятадад төрсөн 100 охин тутамд 119 хүү ногдож буй бол энэ үзүүлэлт зарим хөдөө нутагт 100:130 – ийн харьцаатай байна. Хүйсийн энэхүү тэнцвэргүй харьцаа нь хүн хулгайлах, охид бүсгүйчүүдийг садар самуунд хүчээр татан оруулах зэрэг гэмт үйлдлээр нийгэмд аль хэзээний сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгаа ажээ.

Хятадын албаны хүмүүс 50 тэрбум доллар авч гарчээ.
Seattle Post-Intelligencer, 11 January 2010

Хятадын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, сүүлийн 30 жилийн хугацаанд хятадын дээгүүр албаны хүмүүс улсын сангийн 50 тэрбум ам. доллар авч гадаадад гарсан гэсэн тооцоо байна. ЕПГ-ын илтгэлд дурдсанаар, хятадын засгийн газрын өндөр албаны хүмүүс мөнгө угаах, хуурамч паспорт гаргах, гадаадад өмч хөрөнгө худалдан авах зэрэгт гадаад, дотоодын гэмт хэргийн бүлэглэлүүдтэй эвсэн хуйвалдаж байна. Иймээс гадаадад зорчиж буй албаны хүмүүсийг хянаж шалгах үүрэг бүхий олон төрлийн албадаас бүрдсэн засгийн газрын байгууллага бий болгож, зөвхөн өнгөрсөн жил 319 албаны хүн дээр хэрэг бүртгэлд явуулсан байна.

Өмнөд Солонгос “Кобра Голд” цэргийн сургуульд оролцоно.
Xinhua, 11 January 2010

Таиландад жил бүр болдог “Кобра Голд” цэргийн сургуульд Өмнөд Солонгос анх удаа оролцоно гэж цэргийн албан эх сурвалж мэдэгдэв. 2 дугаар сарын 1-11-ний хооронд 29 дэх жилдээ болох энэхүү цэргийн хээрийн сургуульд Таиланд, АНУ, Сингапур, Индонез, Япон, Өмнөд Солонгосоос гадна 10 орон ажиглагчаар оролцох юм байна. Өмнөд Солонгос цэргийн өндөр технологийн зэвсэг, техникээ авч ирэх учир цэргийн хээрийн сургууль, сургалтын ерөнхий түвшин, чанарыг дээшлүүлэхэд тэдний оролцоо маш хэрэгтэй гэж Таиландын тал үзэж байна. Цэргийн үндсэн сургууль нь цахим удирдлага бүхий командын байр, хээрийн дадлагажих сургууль, хүн амыг аврах, туслах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа зэргээс бүрдэх аж.

Хятад ШУӨЗО-нд гар утсаар мэдээлэл дамжуулахыг хориглосон шийдвэрээ цуцлав.
Al Jazeera, 18 January 2010 & Monsters & Critics, 17 January 2010

Хятадын засгийн газар ШУӨЗО-нд гар утсаар мэдээлэл дамжуулахыг хориглосон шийдвэрээ цуцлав. Энэхүү хоригийг 2009 оны 7 дугаар сард Урумчид гарсан үймээний дараа тогтоосон юм. Гэхдээ энэ хугацаанд Хятад холбооны бүх сүлжээг хянах үүрэг бүхий сансрын 3 дахь хиймэл дагуулыг хөөргөж, Шинжаанд нийгмийн аюулгүй байдлыг хангах 2010 оны төсөв зардлыг 2 дахин нэмэгдүүлж 423 сая ам. доллар болгосон байна.

Хятад дэлхийн эдийн засгийн хямралаас гарч байна.
Al Jazeera, 21 January 2010

Хятадын Үндэсний Статистикийн Газрын тооцоогоор 2009 оны 4 дүгээр улиралд хятадын эдийн засгийн өсөлт 10,7 хувь болж оны хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8,7 хувиар өсч 4,9 их наяд долларт (АНУ-ын ДНБ 13 их наяд доллар байдаг) хүрсэн үзүүлэлт гарч байна. Хэдийгээр эдийн засагт өсөлт бий боловч хүн амын дундаж орлого төдийлөн нэмэгдэхгүй байгаа ажээ. Тухайлбал, 2009 онд хотын оршин суугчийн орлого дунджаар 2700 доллар, хөдөөгийн хүний дундаж орлого ердөө 732 доллар байв. Нөгөө талаар, инфляцын төвшин 12-р сард 1,9%-тай байсан нь ганцхан сарын дотор огцом өссөн үзүүлэлт юм. Энэ нь юуны түрүүнд санхүү, эдийн засгийн хямралыг давах үүднээс олгосон нийт 586 тэрбум долларын зээлийг үнэгүйдүүлэх аюултай байгаа аж.

Хятад: Далан барихад дахин 300 000 хүнийг нүүлгэн шилжүүлнэ.
Straits Times, 21 January 2009
Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр, засгийн газар дахин 300 000 хүнийг Гурван Хавцлын (Three Gorges) даланг барих ажилд туслуулахаар Лунчин муж уруу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Ойр орчны хот тосгодын нөлөөгөөр агаар ба ус бохирдохоос урьдчилан хамгаалах зорилгоор усан санг хүрээлүүлэн “эко бүс” байгуулж буй энэхүү төсөл нь 1993 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүний хүрээнд одоогоор 1,3 сая хүн амыг шилжүүлэн байршуулаад байгаа юм.

Тайван-АНУ: Цэргийн ачаа тээвэрлэхийг зөвшөөрөв
Straits Times, 21 January 2009

АНУ хятадын талын улиг болсон шаардлагыг хойш тавьж Тайваний цэргийн ачаа тээврийн онгоцонд өөрийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх зөвшөөрлийг сүүлийн 30 жилд анх удаа олгов. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гаитид хүмүүнлэгийн тусламж, авран хамгаалах хэрэгсэл хүргэхээр явах ачаа тээврийн С-130 нисэх онгоцонд Америкийн нутаг дээр буух, цэнэглэх зөвшөөрөл олгосон байна. Үүнээс сарын өмнө Вашингтон Тайпэйтэй зэвсэг техник нийлүүлэх тухай 2 тусдаа гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайлбал 6,5 тэрбум ам. долларын өртөг бүхий Patriot Advanced Capability-3 ангиллын пуужингууд, мөн Perry ангиллын 8 ширхэг харуулын хөлөг онгоц нийлүүлэхээр тохиролцжээ. Тайваний тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрдөг Бээжин зэвсэг нийлүүлэх энэхүү гэрээнд хурц шүүмжлэлтэй хандсан билээ. Гэтэл одоо АНУ Tайваний цэргийн нисэх онгоцыг нутаг дээгүүрээ нисгэх зөвшөөрөл олгосон нь бас нэг хурц эсэргүүцэлтэй тулгарах бололтой.

Энэтхэг-Өмнөд Солонгосын харилцаа
New Kerala, 25 January 2010 & South Korea Herald, 26 January 2010

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли 2010 оны 1 дүгээр сарын сүүлчээр Энэтхэгт айлчлах үеэр Ерөнхий сайд Сингхтэй хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чиглэсэн 4 чухал гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнд:
Сансрыг энх тайвны зорилгоор ашиглах тухай
Мэдээллийн технологийг хөгжүүлэх тухай
Чөлөөт худалдааны
Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ зэрэг болно.
Эдгээр гэрээний дагуу 2 орны худалдааны эргэлт 2009 онд 12.2 тэр бум доллар байсныг 2014 он гэхэд 30 тэрбум болгох, 150 тэрбум долларын өртөг бүхий Энэтхэгийн цөмийн эрчим хүчний зах зээлд Өмнөд Солонгос оролцох, зэвсэг, техник нийлүүлэх, мэргэжилтэн солилцох замаар цэрэг-батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах зэрэг тохиролцоонд хүрчээ.

Хятад-Энэтхэг-Мавритани: Хятад Мавритани уруу анхаарч байна.
Financial Times, 25 January 2010

Энэтхэгийн нөлөөний уламжлалт түшиц газар болох Мавританий эдийн засгийн онцгой бүсэд Хятад 700 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хүн амынх нь дийлэнх Энэтхэгээс гаралтай Мавритани Улс өөрийн жижиг арлаа Африкийн зүүн болон өмнөд эргийн орнууд уруу шууд гарах гарц гэдэг утгаар нь Бээжин, Шинэ Дели хоёрын хооронд өрсөлдөөний талбар болгохдоо хятадын хөрөнгө оруулалтыг уламжлалт эдийн засгийн салбар болох чихрийн нишингэ буюу аялал жуулчлалд биш, харин гол төлөв боомт болон тээврийн, мөн санхүүгийн салбарын дэд бүтэц хөгжүүлэхэд ашиглаж байна. Энэтхэгийн Зүүн тэнгисийн цэргийн командлагч байсан, Вице-Адмирал Дас бүс нутагт хятадын гаргаж буй эдгээр шинэ зам нь одоогоор ердийн мэт харагдах боловч алсдаа “сувдан хэлхээ” хэмээн нэрлэгддэг Энэтхэгийн далайг хамарсан хятадын цэргийн бааз, боомт, ажиглалтын цэгүүдийн хэсэг болж хувирахыг үгүйсгэх аргагүй хэмээн анхааруулжээ.

Япон-АНУ: Окинава дахь цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх тухай
Wall Street Journal, 24 January 2010

Японы Наго хотын даргын сонгууль нь нэг ёсондоо Окинава арал дээрх Америкийн Футенма цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх талаар бүх нийтийн санал асуулга болж хувирав. Цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буй Скваб баазын ойролцоо оршдог энэ хотын даргын сонгуульд уг асуудлаар эсрэг байр суурь баримталдаг Сусуму Инаминэ өрсөлдөгч, өмнөх хотын дарга Ёшиказу Шимабукурагаас ялгүй цөөн саналын илүүгээр ялжээ. Уг нь хотын даргын сонгууль баазыг нүүлгэн шилжүүлэхэд нэг их нөлөөтэй биш юм. Учир нь төв засгийн газар, мужийн захиргаатай хамтран сонгуулийн дүнгээс үл хамааран төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж болох хэдий ч энэ нь Ерөнхий сайд Хатоямад орон нутгийн зүгээс үзүүлэх дарамт шахалт нэмэгдэж буйг харуулж байна. Наго хот Футенма баазыг нүүлгэн шилжүүлэхийн тулд Скваб баазыг өргөтгөхөөс 1997 онд татгалзсан хэдий ч ийм төлөвлөгөөг талархаж байсан 3 хүн өмнө нь дараалан хотын даргаар сонгогдож байсан юм. Нөгөө талаар, Токио Скваб баазын өргөтгөлд зориулж 900 сая ам. доллар гаргахаар амлаад байгаа билээ.

Хойд Солонгос Өмнөдийн зүг их буугаар буудав.
Washington Post, 28 January 2010

Хойд Солонгосын тал Шар тэнгис дэх маргаан бүхий Хойдыг хязгаарласан бүсийн ойролцоох Өмнөд Солонгосын арлын зүг их буугаар галласан байна. Пхеньян Өмнөд Солонгосын цэргийн ердийн эргүүлийг их буугаар буудах шалтаг болгожээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Хойд Солонгос хоёр үзүүрт стратеги хэрэгжүүлж байна. Тэд нэг талаар Өмнөдийг айлган сүрдүүлж, Кэсон дахь үйлдвэрлэлийн хамтарсан паркт ажиллаж буй хойд Солонгосын ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх талаар дарамт үзүүлэх, нөгөө талаар АНУ-тай яриа хэлэлцээр үргэлжлүүлэх зорилт тавьж байна гэжээ.

No comments:

Post a Comment