Зэвсэгт мөргөлдөөн үед хувийн цэргийн болон хамгаалалтын компаниуд үйл ажиллагаа явуулахдаа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зарчим хэм хэмжээг чанд сахиж байхыг уриалсан Монтрогийн баримт бичгийг сурталчлан таниулах Бүсийн семинарыг анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 12-13 өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус бүсийн семинарыг Монгол Улсын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн нь Щвейцарийн Холбооны улсын Засгийн газар, Олон улсын Улаан Загалмайн хороо, Зэвсэгт хүчинд ардчилсан Хяналт тавих Женевийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд семинарт БНАСАУ, БНСУ, БНХАУ, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажистан, Туркменистан, Япон зэрэг 11 улсын батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүйн салбарын төлөөлөгчид болон НҮБ салбар байгууллагууд, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд оролцож байна.
Зэвсэгт мөргөлдөөний үед болон бусад нөхцөл байдалд улс орнууд хувийн хамгаалалтын компаниудтай хэрхэн харилцах, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын талаарх улс бүрийн хууль тогтоомж, сайн туршлагыг олж мэдэх, судлах, мэдээлэл солилцох одоо хүчин төгөлдөр мөрдөж буй олон улсын дүрэм журмыг судлахад семинарын зорилго оршиж байна.
Семинарын үеэр Монтрогийн баримт бичгийг сурталчлан таниулахын зэрэгцээ хувийн цэргийн болон хамгаалалтын компанийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын ажлын хэсэг, НҮБ-ын хөлсний цэргийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийн үйл ажиллагаа, Хувийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгчдийн ёс зүйн дүрэм, аюулгүй байдал, хүний эрхийн тухай олон улсын сайн дурын зарчмуудын талаар санал солилцох болно.
Монтрогийн баримт бичгийг Швейцарийн Холбооны улсын Засгийн газар, Олон улсын Улаан загалмайн хороо хамтран санаачилсан бөгөөд 2008 оны есдүгээр сарын 17-нд Апганистан, Ангол, Австрали, Австри, Канад, Хятад, Франц, Герман, Ирак, Польш, Сьерра Леоне, Өмнөд Африк, Швед, Швейцарь, Их Британи, Украйн, АНУ зэрэг 17 улс гарын үсэг зурсан.
Одоогийн байдлаар уг баримт бичигт 36 улс, түүний дотор Азиас хоёр улс нэгдэн ороод байгаа бөгөөд бусад улс орон, олон улсын байгууллагууд нэгдэн ороход нээлттэй.
No comments:
Post a Comment