Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ “Монгол Улсын аюулгүй байдал 2012 онд: Нөлөөлж болзошгүй гадаад хүчин зүйлс” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2012 оны 01 дүгээр сарын 25-нд зохион байгууллаа.
Дугуй ширээний ярилцлагын үеэр Монгол Улсын аюулгүй байдалд сорилт, эрсдэл учруулж болзошгүй гадаад хүчин зүйлсийн талаар ССХ-ийн судлаачид мэдээлэл бэлдэж, гадаад бодлого, аюулгүйн асуудалтай холбоотой төрийн байгууллага, судалгааны бусад хүрээлэн, их сургуулийн төлөөлөл оролцон, харилцан санал солилцлоо.
2012 оны Дэлхийн эдийн засгийн байдал, бүс нутгийн хандлага, үүнд оролцон тоглогчдын геополитик, гадаад бодлогын төлөв, эдгээр нь Монгол Улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх, ямар сорилт тулгарч болох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Гадаад аюулгүй байдалтай холбоотой болзошгүй сорилт, эрсдэл, аюулыг гэтлэн давах, бэлтгэлтэй байх арга зам хайх, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, түүний үр нөлөөний талаар үндэслэл бүхий санал зөвлөгөө боловсруулах, түүнийгээ шийдвэр гаргагчдад хүргэх шаардлага байгааг ярилцлагад оролцогчид цохон тэмдэглэж байлаа.
ССХ-ээс Монгол Улсын хувьд анхаарвал зохих асуудлууд болон учирч болзошгүй эрсдэлийн талаарх судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд уулзалт ярилцлагын үр дүнгээр 2012 оны судалгааны чиглэл, хүрээг тодорхойлох юм байна.
No comments:
Post a Comment